sonin.mn
МОСКВА. /Lenta/. Оросын “РПР-ПАРНАС” намыг хамтран даргалагч Борис Немцовыг хөнөөсөн хэргийг шалгах явцад түүнийг хөнөөхдөө ашигласан байж болзошгүй гар буу олджээ. Энэ тухай «Известия» сонины өнөөдрийн дугаарт мэдээлж байна.
Мөрдөн байцаагчид “Умард” тусгай батальоны байлдагч асан Заур Дадаевын ээжийнх нь Ингушет дэх гэрт өнгөрсөн гуравдугаар сард нэгжлэг хийх үеэрээ ПМ гар буу илрүүлжээ. Немцовыг яг ийм зэвсгээр хөнөөсөн байна. Оросын сөрөг хүчний удирдагчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй сэжигтнүүдийн өмгөөлөгчдийн мэдээлснээр, хурааж авсан гар буунд баллистик магадлан шинжилгээ хийхээр болсон байна.
 
Баллистик магадлан шинжилгээний явцад 9х18 калибрын ПМ гар бууны таван сумыг шинжлэх аж.
 
Дадаевын өгсөн анхны мэдүүлгээр, дуу намсгагч бүхий Макаровын гар буу болон автомашиныг Руслик гэгч этгээд өгчээ. Немцовыг хөнөөсний дараа Дадаев дээр нэгэн залуу ирж гар бууг авсан байна.
 
Мөрдөн байцаагчид мөн алуурчин гар буугаа Замоскворецкийн гүүрнээс Москва гол руу шидсэн байж магадгүй гэж таамаглажээ. Гэвч шумбагчдын тусламжтайгаар олон долоо хоног явуулсан эрэл үр дүнгүй дууссан байна.
 
Борис Немцовыг Оросын нийслэл Москва хотын төвд Большой Москворецкийн гүүрэн дээр хоёрдугаар сарын 27-нд буудаж хөнөөсөн билээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"