sonin.mn
Улсын баяр наадмын өмнөхөн болдог цэргийн бөхийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 14-нд буюу өчигдрийн ням гарагт боллоо.
 
 Энэхүү барилдааныг БХ-ын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй батлан хамгаалахын удирдлагууд үзэж сонирхов. Барилдаанд цэргийн болон хүчний байгууллагуудын аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Хилчин спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Л.Батзориг түрүүлж цэргийн арслан цол хүртлээ.
 
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэсэн бол их шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгаран үлдэж арслан цолондоо чимэг нэмлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг