sonin.mn
Монголын залуучуудын холбоо, Замын цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхэд зорчиж байна” аяныг "Монос" компани дэмжиж ажиллахаар болжээ.
Тус компани байгуулагдсаныхаа 25 жилийнхээ ойн хүрээнд "Хүүхэд зорчиж байна" аяныг энэ сарын 30-наас эхлэн салбар эмийн сангуудаараа худалдаалах юм.
 
Өөрөөр хэлбэл хүүхэд зорчиж байна наалт нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "эм" болох тул ийн дэмжиж ажиллахаар тогтжээ. Автомашины хэт их хэрэглээнээс шалтгаалсан замын түгжрэл, бензиний үнийн өсөлт гэх мэт асуудалд насанд хүрэгчид анхаарал хандуулж байгаа ч хүүхдийн зам тээврийн осолыг орхигдуулж ирсэн байна.
 
Иймээс уг аяныг оны эхнээс эхлүүлж, нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 20 хүртэлх хугацаанд гурван төрлийн наалтыг автомашин дээр байрлуулж, сошиал медиагаар сурталчилгаа хийсний үр дүнд хүүхдийн зам тээврийн осол өмнөх үеийнхээс 16.4 хувиар буурчээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд зам тээврийн ослоос болж амь насаа алдсан.
 
Харин Улаанбаатар хотод 10 хүүхэд амь насаа алдсан бөгөөд 0-6 насны 7 хүүхэд, 7-12 насны 3 хүүхэд байсан нь эцэг эхчүүдийн анхаарал дутмаг байгааг харуулж байгаа юм.
 
Тиймээс хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт ойлгуулах, үргэлж анхааруулах шаардлагатай гэж аяныг зохион байгуулагчид үзжээ. Тиймээс эцэг эхчүүд, эрхэм жолооч та бүхнийг уг аянд нэгдэж автомашин дээрээ “Хүүхэд зорчиж байна” наалтыг наахыг уриалж байгаа юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг