sonin.mn
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасугай” гэсэн тогтоол гаргажээ.
 
Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдах үеэрээ МАН-тай Засгийн газарт хамтрахад байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ий талаар хөндөж ярилцсан.
 
Гэхдээ уг асуудлыг намын дарга орон нутагт ажиллаж байгаа учраас дараа хэлэлцэхээр тогтсон юм. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгээс гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ, "Энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж бүлгийн гишүүдийн дийлэнх нь үзэж байна.
 
МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн" хэмээн ярьж байсан.
 
Харин УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, "Судалгаанд үндэслэх хэрэгтэй. Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь зөв үү гэхэд 1000 оролцогчдын 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн байна билээ.
 
Түүнчлэн орон нутгийн байгууллагууд хамтарсан явдалд нэлээд  шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид 73-уулаа нийлээд том бүлэг байгуулсан хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслүүдийн хэд нь УИХ-ын босгыг давж, хэд нь унаж байна гэдгээс хэрхэн хамтарч ажиллаж байгааг бүгд харж байгаа" гэсэн юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг