sonin.mn
СӨҮЛ. /NHK/. Өнгөрсөн жил Умард Солонгост баривчлагдсан Өмнөд Солонгосын хоёр иргэн чанга дэглэмтэй шоронд бүх насаараа хоригдох ял шийтгүүлжээ.
Тагнуул хийсэн болон төрийн эргэлт хийх хуйвалдаанд оролцсон гэмт хэрэг үйлдсэн хэмээн Ким Кук-ги, Чо Чон-Гил нарт ял оноосон гэж Умард Солонгосын “Korean Central News Agency” /KCNA/ мэдээллийн агентлаг мэдээлэв.
 
Умард Солонгосын мэдэгдсэнээр, дээрх хоёр залуу АНУ болон Өмнөд Солонгосын талд тагнуул хийж байсан бөгөөд энэ хэргээ хүлээсэн байна.
 
Өнгөрсөн жилийн тавдугаар сард Өмнөд Солонгосын бас нэг иргэнд тагнуул хийсэн хэргээр Умард Солонгос ийм ял оноож байжээ. Мөн энэ оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн их сургуульд сурдаг Өмнөд Солонгосын оюутныг хууль бусаар Умардын хилийг нэвтэрсэн хэмээн баривчилсан байна.
 
Өнгөрсөн хугацаанд баривчилсан Өмнөд Солонгос болон АНУ-ын иргэдийг Умард Солонгос дипломат хэлэлцээний нэг хэсэг болгон ашиглаж байсан байна.
 
"Умард Солонгос үнэхээр харамсмаар үйлдэл гаргалаа. Энэ нь олон улсын хууль, хүний эрхийг зөрчиж байна" гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мэдэгдэв. Мөн Умард Солонгосын дангаараа гаргасан шийдвэрийг Өмнөд Солонгос хүлээн зөвшөөрөхгүй гэж яам мэдэгдэлдээ дурдаад хоёр залууг яаралтай суллахыг шаарджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг