sonin.mn
ПАРИС. /TASS/.  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг /ҮАБА/ Францын өндөр албан тушаалтнуудын харилцаа холбоог замаас нь тагнаж байсантай холбоотой маш нууц баримт бичгүүдийг “WikiLeaks” цахим хуудас нийтэлж эхэлжээ. Энэ тухай тус цахим хуудасны хэвлэлийн мэдээлэлд дурдаж байна.
 
“WikiLeaks”-ийн нийтэлсэн баримт бичгүүд нь сүүлийн 10 жилд хамаарагдах аж. Америкийн тагнуулын үйл ажиллагааны бай нь Францын Ерөнхийлөгч Жак Ширак /1995-2007/, Николя Саркози /2007-2012/, мөн тус улсын одоогийн төрийн тэргүүн Франсуа Олланд нар болжээ. Үүнээс гадна, Елисейн ордны түшмэдийг, сайд нарыг болон АНУ-д суугаа Элчин сайдыг тагнаж байсан байна.
 
“Wikileaks”-ийн олж авсан мэдээллээс үзвэл, АНУ-ын ҮАБА Францын Ерөнхийлөгч нарын утасны яриаг чагнаж байжээ. Үүнийг нотлох баримт харилцаа холбооны сүлжээгээр дамжуулсан мэдээллийг замаас нь сонссон баримтад үндэслэн гаргасан тус агентлагийн таван нууц тайланд байгаа аж.
 
“Сонгосон Засгийн газар нь холбоотон гэж үздэг улсынхаа нөхөрсөг бус тагнуулын объект болохыг Францын ард түмэн мэдэх эрхтэй” гэж “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанж мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг