sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Хятадын санаачилгаар байгуулж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд /АДБХОБ/ нэгдэх үүд хаалга АНУ болон Японы хувьд нээлттэй хэвээр. Энэ тухай Хятадын Сангийн сайд Лоу Зивэй Америк-Хятадын стратеги, эдийн засгийн яриа хэлцээний долдугаар шатны хүрээнд мягмар гарагт Вашингтон хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээлжээ. 
 
“Тус хоёр улс банканд нэгдэх боломжтой үүд хаалгыг бид нээсэн” гэж Лоу Зивэй мэдэгджээ. Гэхдээ тэрбээр АНУ, Япон хоёр Азийн банканд нэгдэхэд бэлэн байгаагаа эсвэл нэгдэхээр төлөвлөж буйгаа одоогийн байдлаар илэрхийлээгүй болохыг Хятадын Сангийн сайд хүлээн зөвшөөрсөн байна.
 
Тус банкийг үүсгэн байгуулагч 22 орон харилцан ойлголцлын санамж бичигт /АДБХОБ-ийг үүсгэн байгуулах тухай гэрээ/ 2014 оны 10 дугаар сарын 24-нд Хятадын нийслэл Бээжин хотод гарын үсэг зурсан юм. Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар үүсгэн байгуулагч орны тоо 54 болжээ.
 
Ийм орнуудын ихэнх нь Ази Номхон далайн бүс нутгийн орнууд байна. Үүнээс гадна, уг төсөлд ОХУ болон Ойрхи Дорнод, Европын Холбоо, Латин Америкийн зарим орон оролцож байгаа юм.  Харин АНУ, Япон хоёр оролцохоос татгалзжээ. Азийн банк ажлаа 2015 оны сүүлээр эхлэхээр төлөвлөж байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг