sonin.mn
БАГДАД. /ВВС/. Иракт мөргөлдөөн эхэлсэн 2014 оны эхэн үеэс хойш тус улсын гурван сая гаруй иргэн орон гэргүй болсон байна гэж НҮБ мэдэгдэв.
Анбар, Ниневи, Салахуддин мужийн иргэдийн гуравны хоёр нь орон гэргүй болсон байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэлдээ дурджээ.
 
“Лалын улс” бүлэглэлийн босогчид болон Засгийн газрын хүчний хоорондох мөргөлдөөнд дээрх бүс нутаг хамгийн ихээр өртөөд байгаа билээ.
 
Анбар мужийн нийслэл Рамади хотын төлөөх мөргөлдөөний улмаас өнгөрсөн хоёр сард 276 мянган хүн орон гэргүй болсон байна.
 
Тавдугаар сарын дундуур Иракийн арми тус хотыг орхин гарсны дараа “Лалын улс” бүлэглэл хяналтаа тогтоосон бөгөөд үүнээс хойш шиит дайчид тэргүүтэй засгийн газрын хүчин Рамади хотын хяналтыг буцаан авахаар томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулж, босогчдыг Анбар мужаас шахан гаргасан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг