sonin.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх үед МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 100 санал гаргаж, гишүүдэд хүргүүлжээ.
 
Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Эрүүгийн хуулийг олон жил ярьсан. Тиймээс хуулийг чамбайруулахын тулд зарчмын зөрүүтэй олон санал гаргасан. Гэхдээ хуулийнхаа гол нурууг нь унагаагүй” гэсэн тайлбар өгөв.
 
УИХ-ын дэд дарга М.Энхболд ажлын хэсгээс боловсруулсан 8 дахь зарчмын зөрүүтэй саналыг танилцуулах үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар, "Ажлын хэсгээс ирүүлсэн олон зарчмын зөрүүтэй санал унаж байна.
 
Мөн ажлын хэсэгт ирүүлсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг хуулийн төсөлд тусгасан эсэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс нам, эвслийн бүлгүүд 14.00 цаг хүртэл завсарлага аваад хуулийн төслийн талаар хэлэлцэх хэрэгтэй" гэсэн санал гаргав.
 
Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар “Хуулийн төсөлд хувийн хэвшлийн үйл ажиллагаа, малын хулгайтай холбоотой заалтууд дээр олон зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тиймээс энэ талаар бүлгийн хуралдаанаар нарийн хэлэлцэх хэрэгтэй тул ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэлээ.
 
УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага авч байгаа тул хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх болно хэмээн зарласнаар өнөөдрийн нэгдсэн  хуралдаан өндөрлөв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг