sonin.mn
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Залуучуудын холбоо хамтарч ажиллахаар тохиролцож, МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий редактор Т.Наранмандухай, Монголын Залуучуудын холбооны Хэвлэлийн төлөөлөгч Н.Ангараг нар хамтын ажиллагааны гэрээнд харилцан гарын үсэг зурлаа.
 
МОНЦАМЭ агентлаг нь 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдөр МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан Үндэсний мэдээллийн ууган байгууллагын нэг юм. Тус агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага болох ОАНО-ын гишүүний хувьд олон улсын агентлагуудтай тогмтол мэдээлэл солилцохын зэрэгцээ  Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНО-ын мэдээллийн санд нийлүүлж байна.
 
Мөн дэлхийн ижил түвшний агентлагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд дэлхий дахинд болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг гадаадын мэдээллийн агентлагуудаас хүлээн авч орчуулан бэлтгэж, монголын хэрэглэгчдэд мэдээ, тойм, тайлбар хэлбэрээр хүргэж байна. Үүний зэрэгцээ дотоодод болж буй үйл явдлын тухай мэдээллийг боловсруулан түгээдэг юм.
 
Өнөөдөр тус агентлаг montsame.mn сайт, долоо хоног тутмын орос хэл дээрх “Новости Монголии”, англи хэл дээрх “Монгол Мессенжер”, хятад хэл дээрх “Мэнгу сяосибао”, япон хэл дээрх “Монгору Цушин”, уйгаржин монгол дээрх “Хүмүүн бичиг”, гадаад сурталчилгааны “Mongolia Todya” сэтгүүл зэрэг олон чиглэлийн хэвлэлийн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргаж байна.
 
МЗХ нь анх 1921 онд байгуулагдсан МХЗЭ-ийн бааз суурин дээр ардчилсан хувьсгалын эхэнд буюу 1991 онд өнөөгийн МЗХ болон зохион байгуулагдсан. Өнөөдөр МЗХ нь Монголын залуучуудыг тэргүүлдэг, тэдэнд үйлчилдэг, залуучуудын хамгийн том байгууллага бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт салбартай, дэргэдээ хууль зүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, спортын гэх мэт 15 хороо, клубуудтэй.
 
НҮБ-ын Дэлхийн Залуучуудын Ассемблей, Азийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд олон улсын хэмжээнд Монголын залуучуудын төв байгууллага гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Монголын нийт залуучууд болон тэдгээрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан МЗХ нь ардчилсан замаар сонгогдсон удирдлагын тогтолцоотой.
 
Энэхүү тогтолцоо нь Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх хороотой бөгөөд мөн газрууд, байнгын хороод, гишүүд болон бусад бүтэцтэй. Монголын нийт залуучуудын ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор МЗХ-ны зүгээс МУЗГ-ын яамдууд, НҮБ-ын агентлагууд, хувийн хэвшлийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улс, бүс нутаг болон үндэсний хэмжээний ТББ-уудтай иж бүрэн түншлэл бий болгосон. Иймд энэ хүрээндээ Үндэсний мэдээллийн  МОНЦАМЭ агентлагтай хамтарч ажиллахаар тогтов. Талууд жилийн хугацаанд хамтарч ажиллана.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг