sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.24/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарим хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн хэвлэлийн хуралд оролцлоо.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн бүх шатны албан хаагчдыг хариуцлагажуулах, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлж, бүх шатандаа зөвлөмжийг биелүүлэх хууль эрх зүйн зохицуулалт хийх, төрийн албан хаагчдын хийж болохгүй үйлдүүдийг хуульчлан, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зохицуулалтыг хийхээр боловсруулсан гэлээ. Мөн улс төрийн албан хаагчдын эрх хэмжээг тогтоон, төрийн албан хаагчдыг олноор нь халдаг байдлыг таслан зогсоох, төрийн албаны бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байх зохицуулалт хийж байгаа. Түүнчлэн сонгууль болохоос 1 жилийн өмнө болон шинээр Ерөнхий сайд томлогдсон 1 жилийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байхыг хуульчилахаар тусгаж байгаагаа Ерөнхийлөгч танилцуулсан юм.
 
Төрийн албыг улс төрөөс ангид байлгахын тулд Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулж байгаагаа мөн тэрээр мэдээлсэн. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, санхүүжилтийн хэлбэр, зарцуулалт, үйл ажиллагааны хүрээг нарийвчлан тогтоосон. Эдгээр төслийг өнгөрсөн 25 жилийн алдаа, оноог дүгнэн, судалсны үндсэн дээр боловсруулж байгаа бөгөөд олон нийт хэлэлцүүлэг хийх, санал бодлоо тусгах боломж бүрэн нээлттэй байгааг онцолж байв.
 
 
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд зарим хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр “Энэ хуулийн төслүүдийг олон жил ярьж байгаа. Улс төрийн намын тухай хуультай болох талаар олон жил ярьсан, 2006 онд байгуулагдсан Ажлын хэсэг өргөн барих хуулийн төсөл дээрээ санал нэгдэж чадахгүй байсаар хугацаа алдсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид “Та нам бус, түүнчлэн намын үйл ажиллагааг сайн мэддэг хүний хувиар энэ хуулийн төслийг боловсруулаач” гэдэг саналыг бид тавьсан. Ерөнхийлөгчийн танилцуулж буй "Улс төрийн намын тухай хууль"-ийн төсөлд тусгагдаж буй зарим зохицуулалтыг аль нэг улс төрийн нам, улс төрч, Улсын Их Хурлын гишүүн алга ташин хүлээж авахааргүй байж болно. Гэхдээ улс төрийн бүх намууд тулгамдаад буй энэхүү асуудлуудаа шийдэх шаардлагын үүднээс хамтарч ажиллах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төслийг бүрэн дэмжиж байна, энэ хэвээрээ батлагдвал сайн. Гэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад нэлээд өөрчлөлт ордог гэдгийг та бүхэн мэднэ.
 
Ерөнхийлөгчийн танилцуулсан Төрийн албаны тухай хуулийн төслийн тухайд бол одоо мөрдөгдөж буй хуульд ч төрийн албан хаагчдыг чадвартай, тогтвортой ажиллуулдаг, Мерит зарчимтай болгох заалт, зохицуулалт бий. Харамсалтай нь тэр бүхнийг мөрдөөгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульчлаагүй, мөн хуулийг тойрч шийдвэр гаргах боломжуудыг нээлттэй үлдээснээс өнөөдөр олон асуудал үүсч байна. Төрийн албаны зөвлөл бас хариуцлагатай байж, төрийн хуулийн дагуу ажлаа хийдэг байх ёстой гэж би анхааруулсан байгаа. Ерөнхийлөгчийн боловсруулж буй хуулийн төсөлд энэ бүхнийг нарийвчлан тусгаж, хуульчлахаар болж байгаа нь сайн хэрэг” хэмээн хэлсэн юм.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарим хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн хэвлэлийн хуралд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.