sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Сүүлийн зуун жилд болоогүй их гарз хохирол дагуулсан ган гачигийн улмаас хүнд байдалд ороод буй Умард Солонгосыг манай улс дэмжихэд бэлэн байна гэж Өмнөд Солонгосын хоёр Солонгосын асуудал хариуцсан яамны тэргүүн мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, хэрвээ ирэх сарын эхэн үе хүртэл хур тунадас орохгүй, хуурай хэвээр байвал Умард Солонгосын үр тарианы үйлдвэрлэл энэ онд 20 хувиар багасч магадгүй.
 
Тус яамны тэргүүн Хон Ён Пё хэлэхдээ, “Хэрвээ Умард Солонгосын байдал муудсаар байвал Сөүл тус улсад шаардлагатай тусламж дэмжлэгийг санал болгох хүсэлтэй байна. Гэхдээ манай улс Пхеньяны хүсэлтийг хүлээнэ” гэжээ.
 
Өнгөрсөн онд Умард Солонгост сүүлийн 15 жилийн түүхэнд хамгийн бага хур тунадас унасан аж. Умард Солонгос энэ онд хүнсний ноцтой хомсдолд орж болзошгүй гэж НҮБ анхааруулсан билээ.
 
НҮБ-ын гаргасан тайлан мэдээнээс үзвэл, Умард Солонгосын 24.6 сая хүн амын 70 орчим хувь нь хүнсний хомсдолд орсон байгаа бөгөөд 1.8 сая хүн, тэдний дотор, хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд шим тэжээлтэй хоол хүнс хэрэгтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг