sonin.mn
Ипотекийн зээлийн нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан БХБЯ-наас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
БХБЯ-ны сайд Д.Цогтбаатар ярихдаа, “Зургадугаар сарын 22-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааны 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргахаар хэлэлцэж шийдвэрлэсэн. БХБЯ, Монгол банк, ХАХНХЯ, Сангийн яамтай хамтран энэ 7 сард багтааж ипотекийн зээлд баталгаа гаргах журмыг боловсруулан батална. Журам батлагдсанаар арилжааны банкууд 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдэх юм”гэлээ.
 
 Зорилтот бүлгийн хүрээнд НХЯ-наас зээлд хамруулах боломжтой хүн амыг нарийвчлан судалжээ. Ингэснээр 20 ангилалд хувааснаас  5-16 дугаар  ангилалд багтаж байгаа хүмүүс зорилтот бүлэгт хамрагдаж, зээл авах боломжтой юм байна. Зээлийг олгох шалгуур үзүүлэлтийн  хувьд   тогтсон ажилтай, тодорхой орлоготой, нийгмийн даатгалийн шимтгэлээ тогтмол төлдөг хүмүүс хамрагдах аж.
 
Урьдчилсан байдлаар төсөвлөсөн 200 тэрбум төгрөгийн төсөвт 10 мянган орчим  өрх хамрагдах тооцоо гарчээ. Одоогийн байдлаар зах зээлд 30 мянган өрх 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлд хамрагдах хүсэлттэй гэсэн судалгаа гарсныг албаныхан онцоллоо.
 
Дашрамд дурдахад БХЯ уг хөтөлбөрт 10 тэрбум төгрөг төвлөрүүлж ажилчин, албан хаагчиддаа  орон сууцны дээрх зээлд хамрагдах боломжийг нээж өгчээ.
 
 Б.Мягмарсүрэн
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг