sonin.mn
Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөн, аймгийн Засаг даргын зөвлөлийн өртөтгөсөн хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. 2013 оноос эхлэн Төсвийн тухай хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөнийг 2 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулсан нь энэ юм.
 
 
Төсвийн харилцаанд орж байгаа албан тушаалтануудын гаргасан алдаа дутагдал нэлээдгүй байгааг өнөөдөр болсон Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр онцоллоо. Зөвлөгөөнөөр мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлт шийдвэрийг танилцуулж сайн ажилласан албан тушаалтнуудыг урамшуулсан бол алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон гэдгийг албаныхан хэллээ.
 
 
Төсвийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтнуудын хувьд ихэнх нь хуулийн мэдлэг тааруу байгаа нь гол шалтгаан болж байгаа гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Тухайлбал, хөрөнгө бүртгэгдээгүй, илүү цалин томилолт олгодог, зориулалтын бус зарцуулалт хийсэн, өр авлагын бүртгэлгүй гэх мэт алдаа дутагдлууд их илэрч байгаа нь мэргэжлийн байгууллагуудын илтгэлд дурдагдлаа. 
Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын захирамжаар 2014 оны төсвийн үйл ажиллагаанд тэргүүлсэн сумдыг танилцуулж шагнал гардууллаа. 2014 оны ажлаараа Ханбогд сум тэргүүлж, Баяндалай, Хүрмэн сумд удаалсан байна. Эдгээр сумдын Засаг дарга, Санхүүгийн албаны дарга нарт Өргөмжлөл гардуулж цалингийн урамшуулал олгохыг дуулгалаа. Мөн нягтлан бодох бүртгэл болон төлбөр тооцооны хүрээнд ажил үйлсээрээ манлайлсан ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм. 
 
 
Төсвийн удирдах ажилтны зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулж бүх сумдын удирдлагууд, төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогчид, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, нягтлангууд зэрэг төсвийн харилцаанд оролцож байгаа бүх албан тушаалтнууд оролцсон юм. Зөвлөгөөнд оролцогчид төсвийн тухай хуулийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажил, хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаа дутагдал, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцсэн байна.