sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан хуулийн төслүүд болох Улс төрийн намуудын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан голлох 10 зүйл заалт бүрийг онцлон нэрлэлээ.
Хуулийн төслийн эдгээр заалтуудыг хүргэж байна.
 
 “УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ” ДАХЬ 10 ҮНДСЭН ШИНЭЧЛЭЛ
 
НЭГ. Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө
 
Улс төрийн нам нь
 
Судалгаа- бодлого боловсруулах институт болно
Манлайлагч- хүний нөөцийг бэлгэх газар
Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц гэж тодорхойлсон
Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө компаничилж элсүүлдэг биш олон асуудлын шийдлийг олохын төлөө бодлогоор өрсөлддөг болох ёстойг хуулинд заасан.
 
Хоёр: Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болгоно
 
Энэ хуулиар улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж Сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлж, жилд 2 удаа намуудын дараах тайланг авна.
 
Намын мөрийн хөтөлбөрийн тайлан
Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тайлан
Санхүүгийн тайлангуудын хүлээн авч иргэдэд тогтмол, нээлттэй мэдээлж, зохих хуулинд заасны дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
Мөн намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх эрхийг Сонгуулийн төв байгууллагад өгч улс төрийн намыг хариуцлагын тогтолцоог доорх байдлаар тусгасан.
 
3.1  Нам үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан
 
3.2  Зургаан жил дараалан аль нэг шатны согуульд оролцоогүй
 
3.3  Санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан
 
Мөн намуудыг сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөс олгох санхүүжилтийг бууруулна.
 
Гурав: Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцооны хязгаарыг тогтооно 
 
Нам ямар нэгэн шийдвэр, тогтоолоор төрийн байгууллага тэдгээрийн албан тушаалтан төрийн байгууллагын хууль тогтоомжинд заасан үндсэн чиг үүрэгт оролцох, заавар өгөх, чөлөөлөх, томилох зэрэг үүсэх харилцааг
 
Хатуу хориглосон
Хягзаарлалтыг хийсэн
Хариуцлага тооцох зэргийг тодорхой болгож оруулсан
Тухайлбал, үндсэн хуульд заасны дагуу зөвхөн Ерөнхий сайдыг томилох асуудлыг ганцхан намын бүлгээр ярьдаг, бусад тохиолдолд нам оролцохгүй байхаар заасан.
 
Дөрөв. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана
 
Иргэдийн намын үйл ажиллагаанд оролцох сонголтыг нээлттэй, чөлөөтэй болгосон.
 
Дэмжигч гишүүн
Намын гишүүн
Сонгуульт гишүүдтэй байна
Нэг хүн нэг л намын гишүүн байж, анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу заасан. Шинээр гишүүнээр элсэх бол заавал өөрийн биеэр очиж үлгэрчилсэн маягт бөглөж, гарын үсэг зурснаар баталгаажна. Намуудын гишүүнчлэлийн бүртгэлийг улсын бүртгэлийн төв байгууллага дээр байх бөгөөд мэдээллийн цахим бааз иргэдэд шилэн, нээлттэй байна.
 
Тав. Нам шилэн данстай болно
 
Шинэ хуулинд:
 
Нам нэг л данстай нэгдсэн байх
Намуудын данс шилэн дансны хуулиар зохицуулагдах
Намын нийгэм дэх үүргээ хэрэгжүүлэхэд зориулж төрөөс тодорхой шалгуурын дагуу хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэгтэй байхаар тусгагдсан.
Шилэн дансны хуулийн дагуу зардал бүрийн задаргаагаараа 4 жилийн турш тухайн нам веб хуудсан тогтмол хадгалагдаж байхаар туссан байгаа. Хэрвээ өөр данс илэрвэл улсын орлого болгох төдийгүй нэмэлт торгуулийг намууд төлнө. Намын тайланг хөндлөнгийн аудитор хийх бөгөөд сонирхсон ямар ч иргэнд санхүүгийн тайланг нээлттэй байх ШИЛЭН ДАНС эсэн тусгай цэсийг намын сайт дээр нэмж байрлуулна.
 
Мөн улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж, 30 хувиас доошгүйг бодлого боловсруулах, 30 хувиас доошгүйг гишүүд намын бүтжийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад гэж хатуу заасан. Үүнийг зөрчиж санхжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулвал санхжүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлнэ.
 
Зургаа. Намын үйл ажиллагааг явуулах доод хязгаарыг тогтооно
 
3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон. Дээрх тоонд хүрэхгүй нийт баг мөн 200 орчим сумдын иргэд улс төржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болно.
 
Долоо. Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно
 
Намын дотоод маргаан, улс төрийн хэрүүлийг шүүхээр шийддэг биш нам дотроо бие даасан маргаан шийдвэрлэх олон шатны тогтолцоог энэ хуулинд нэмж тусгасан. Намын дотоод өрсөлдөөнийг шүүхийн системт чирж аваачиж нэгнээ яллах, нийгмийн талцал болгохоос илүүтэй нам дотроо хараат бус шүүхийн олон шатаар маргаанаа хэлэлцүүлдэг болсоноор энэ заалт их ач холбогдолтой. Ингэснээр шүүх эрх мэдэл жинхэнэ ёсоор улс төрийн нам дээр бие дааж ажиллах боломж бүрдэнэ.
 
 
Найм: Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байгаа.
 
Энэ хуулиар улс төрийн намын гишүүдийн тоо цөөн байх тохиолдолд нүсэр бүтцийг сонгохгүй байх эрхийг олгож байгаа. Нийт гишүүд 3001 хүрэхгүй тохиолдолд Их хурлын оронд Бүх гишүүдийн хуралтай байх, мөн Их хурлаас Төлөөллийн төв байгууллагыг зохион байгуулахгүйгээр Гүйцэтгэх төв байгууллагаа байгуулж болох, намын олон даргатай байх эрх нь нээлттэй, нам дүрмээрээ өөрийн бүтэц, зохион байгууллатаа тодорхойлох боломж нээгдсэн. Мөн 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулах,3001-ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох нөхцлийг оруулан.
 
Ес. Намууд, ТББ, фракцтай, одон медальтай байхыг хориглоно
 
Намуудыг ашиг сонирхлын бүлэгтэй байхыг зөвшөөрч байгаа.
Намд зөвхөн тодорхой асуудлаар асуудал шийдэхээр хамтарч бүлэг болж зохион байгуулах
Улс төрийн намууд төрийн одон медальтай давхцах шагналтай байхыг хориглож байгаа
Арав. Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ
 
Улс төрийн намын хуулийг дагаж “Улс төрийн намын дагаж мөрдөх журмын тухай хууль”-г тусгайлан гаргана. Үүнд:
 
Намын бүртгэл, дахин бүртгэл
Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдаж авсан, барьсан, намын хөрөнгийн асуудал
Бусад асуудал зэргийг багтаасан
 
 
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ДАХЬ 10 ҮНДСЭН ШИНЭЧЛЭЛ
 
Нэг. Төрийн алба “мерит” буюу чадахуйн зарчимд үндэслэх болно
 
Төрийн алба нь:
 
Мэргэшсэн, тогтвортой байх
Ашиг сонирхлын зөрчил, улс төрөөс ангид байх
Нээлттэй, ил тод байх
Хяналт, хариуцлагатай байх зарчмуудыг хуульчилан тогтоож өгсөн
Хяналт, хариуцлагатай байх
Залгамж чанартай
Төрийн албаны томилогоог өрсөлдөөний зарчмаар явуулна. Албан тушаал дэвшүүлэх, шагнал, урамшуулал олгохдоо мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, үр дүн, манлайлах чадварыг нь заавал харгалздаг болно.
 
Хоёр. Төрийн албанд шат дараатайгаар дэвшдэг болно
 
Тохиолдлын /шахааны/ хүн томилогддоггүй, сонгуулийн дараа бужигнадаггүй болно. Төрийн жинхэнэ албаны доод албан тушаалын шатлалаас дээд албан тушаалын шатлалд хүрэхэд
 
Нийтдээ 18-20 жил шаардагдана
Нэг албан тушаалдаа 5-аас доошгүй жил ажиллаж байж дэвшинэ.
Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байххыг шаардана. Ингэснээр хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог байдал алга болно. Түүнчлэн үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, зэргийг нь харгалзан үзэж 5 жилийн хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болно
 
Гурав. Төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэх тогтолцоог бэхжүүлнэ.
 
Одоогийн Төрийн албаны тухай хуульд хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бий. Харин шинээр хуулийн төсөлд төрийн жинхэнэ албан хаагч нь өргөсөн тангарагаасаа няцсан тохиолдолд сануулах, албан тушаалын зэрэглэл бууруулах, ажлаас нь халах хүртэлх арга хэмжээг авахаар тусгасан.
Төрийн албан хаагчийн албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсны дараа ажлаа хүлээлгэж өгөхөөс зайлсхийх, байгууллагын тамга тэмдэг авч зугтах, зэрэг зохисгүй үйлдлий хуулиар хориглож, хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой болгосон.
Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг тухайн албан тушаалтнаар заавал нөхөн төлүүлнэ
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хуульд заасны дагуу албадан биелүүлэх хүртэлх арга хэмжээг авна.
 
 
Дөрөв.Төрийн албан хаагчдын хийж болохгүй үйлдлийг хуулиар хориглоно
 
Төрийн албан хаагчдын хийж болохгүй 19 зүйлийг хуульчилсан:
 
Бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдыг дарамтлах
Албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусдаас шан харамж авах
Улс төрийн нөлөөлөлд автах
Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах
 
Тав. Төрийн албан хаагч нь улс төрөөс ангид байна
 
Төрийн жинхэнэ албан хаагч /захиргааны болон тусгай/-аар томилогдсох гэж буй иргэн нь аливаа улс төрийн намын гишүүнчлэлгүй байхыг шаардана.
Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох гэж буй иргэн нь аливаа намын дэмжигч гишүүн байж болно. Энэ талаар шинээр боловсруулж буй Улс төрийн намын тухай хуульд маш тодорхой тусгасан.
Яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилоход хуулийн шалгуурыг хамгийн сайн хангасан нэг хүний нэрийг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлнэ. Тухайн хүнийг томилогдохоос үндэслэлгүйгээр татгалзсан бол салбарын сайдтай Ерөнхий сайд хариуцлага тооцно. Ерөнхий сайд хууль биелүүлэхгүй бол тухайн Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцох асуудал яригдана.
Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хуьд оролцох, улс төрийн сонгуульт албан тушаал эрхлэхийг хориглож байгаа.
 
Зургаа. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон албан тушаалаас нь халах, чөлөөлөхийг зогсооно
 
 
Улс төрийн албан тушаалтан шинээр томилогдсон тохиолдолд 3+2 зарчим буюу өөрийншууд удирлагад ажиллах улс төрийн албан тушаалтан 3, үйлчилгээний 2 албан тушаалтныг өөрчлөх боломжтой. Улс төрийн албан тушаалтанд төрийн бусад албан хаагчдыг томилгоонд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хатуу хориглосон.
Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан бол өмнө ажиллаж байсан албан хаагчдыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах зарчмыг тууштай баримтална.
Төрийн албанд иргэд сонгон шалгаруулалтын дагуу шинээр орох, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан албан хаагчдыг халах, тэтгэвэрийн насанд хүрсэн албан хаагчдыг чөлөөлөх боломжийг хангах үүднээс жилд нийт албан хаагчдын 10 хүртэлх хувьд нөхөн сэргээлт хийж болохоор зохицуулсан
 
Долоо. Төрийн албаны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, шилэн болгоно
 
Төрийн алба нь өөрийн нэгдсэн мэдээллийн сантай байна. Төрийн албаны зөвлөл үүнийг тогтмол хөтөлж, шинэчлэх үүрэг хүлээнэ. Хуулиар хүлээсэн үүргээ биеүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага тодорхой болж байгаа.
Уг мэдэллийн нэгдсэн санд:
-Төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигчид болон төрийн албаны нөөцөд байгаа иргэдийн мэдээлэл
 
-Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцсон талаарх мэдээлэл
 
-Төрийн албан тушаалтан өөрийн буруутайгаас болж төрд учруулсан хохиролыг хэрхэн барагдуулсан зэрэг мэдээлэл зайлшгүй байх юм.
 
Найм. Сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавина
 
Төрийн өндөр албан тушаалд томилогдохоор сонгон шалгаруулалтад оролцож буй нэр дэвшигчдэд иргэд хөндлөнгийн хяналт тавих эрхтэй
Иргэд төрийн албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцоно
Иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас байгууллагын жилийн нэгдсэн тайланг шаардаж авах эрхтэй
 
 
Ес. Төрийн албаны зөвлөлийг хариуцлагажуулна
 
Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд ажил гүйцэтгээгүй хууль зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
Төрийн албан хаагч хууль зөрчсөн тохиолдолд зохих арга хэмжээг аваагүй, мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй, улс төрийн нөлөөгөөр аливаа үйл ажиллагаа явуулж, төрийн албаны тоилгоонд нөлөөлсөн тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн хариуцлсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болно.
 
Арав. Төрийн албан тухай хуулийн тогтвортой байдлыг хангана
 
Төрийн албаны хуулийг:
 
Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүн томилогдсоноос хойш 1 жилийн дотор
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас 1 жилийн өмнө Төрийн албаны тухай хуульд аливаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэх өөрчлөлтүүдийг тусгаж байгаа гэдгийг Ерөнхийлөгч тайлбарлав.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг