sonin.mn
МАХН -МҮАН-ын эвсэл  Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
 
 
“Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, 
санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний тухай
 
 
2015 оны 06 сарын 24  Улаанбаатар хот, Төрийн ордон
 
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний тухай мэдэгдэл гаргаж, Монгол Улсад нэн хохиролтой хийгдсэн гэрээний зүйл, заалтад засвар, өөрчлөлт оруулж сайжруулах ажлыг 14 хоногийн хугацаанд багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн Газраас шаардсан билээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайдаас мэдэгдэлд дурдсан 14 хоногийн хугацаанд  хариу ирүүлээгүй тул УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс дараах мэдэгдлийг гаргаж байна.
 
Нэг. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж ард иргэдэд мэдээлэл өгөх, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг сонсох зорилгоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсголыг зохион байгуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 
 
Хоёр. Гэрээний 5.6 дахь зүйлээр “зээлийн санхүүжилт авахад шаардагдах” барьцаанд “Оюу толгой ХХК-ний ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ (нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ) -нд тусгагдсан Оюу толгой ХХК-ний эрхүүд болон тухайн компаний үл хөдлөх хөрөнгүүд”-ийг хамруулж банкны зээлийн барьцаанд тавих эрхийг энэ гэрээгээр олгосон байна.
 
Мөн “төлөвлөгөө”- ний бусад заалт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлал бусад холбогдох хууль эрхийн актуудыг зөрчсөн эсэх, Монгол Улсад ашиггүй гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон, тийм чиглэл заалт өгсөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар болон гэрээнд гарын үсэг зурахад оролцсон эрх бүхий албан тушаалтныг хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар холбогдох байгууллагуудаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. 
 
Гурав. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”- нэртэй гэрээний Монгол Улсад хохиролтой үр дагавартай зүйл, заалтыг засаж сайжруулах бололцоо олгосоор байхад санаачилга гаргахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна. 
 
Дөрөв. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр уг гэрээг сайжруулах  байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно гэдгээ үүгээр дахин нотолж байна. 
 
 
 
 
 
 
 
 
УИХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” 
ЭВСЛИЙН БҮЛЭГ