sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд өөрийн санаачилсан хуулийн төслүүд болох Улс төрийн намуудын тухай хууль болон, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан өөрчлөлтүүдээрээ мэдээлэл хийсэн. Үүний дараагаар сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан юм. Эдгээр асуулт хариултыг багцлан хүргэж байна.
 
-Эдгээр хуулийг хэзээнээс эхлэн мөрдөж эхлэхээр тусгаж байгаа вэ. Сонгуулиас өмнө энэ хуулийг баталж амжих уу?
 
-УИХ өргөн барьсан хууль хэлэлцэхгүй байх, унагадаг аргатай болоод байгаа. Миний өргөн барьсан хууль үндсэн төсөл болж хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцэж байгаад үүнийг батлахгүй гээд буцааж байсан тохиолдол бий. Хэрвээ ийм зүйл болвол би маргааш нь эргээд л өргөн барина. Тэр шаардаж байгаа шаардлагыг биелүүлээд өргөн барина. Одоо өргөн барихаар хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль байгаа учраас амжихгүй байх. Улс төрийн намын тухай хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг рүү гаргах бодолтой байгаа. Энэ үйл ажиллагаанд оролцож байсан олон мянган хүний сонирхлыг татсан хууль учраас нэлээн өргөн хэлэлцүүлгийг хийнэ. Намар УИХ цуглахад өргөн барина. Энэ хугацаанд ажлын хэсэг санал авахад идэвхтэй ажиллана. 2016 оны сонгуулиас өмнө батлавал сайн байна.
 
-Гишүүн болсон хойноо намаа сольдог асуудлыг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулж байгаа юу?
 
-УИХ, ИТХ-д сонгогдож орж ирээд намаа сольдог асуудлыг Намын тухай хуулиар маш тодорхой зохицуулж өгч байгаа. Намаа соливол нөгөө тал нь нэмж тооцдогийг болиулж байгаа. Мөн улс төрийн намд, намаас гарч байгаа гишүүнийг дараа нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх эрхийг өгч байгаа. Ийм байдлаар хааж өгөхгүй бол намаа сольдог байдал зогсохгүй.
 
-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрхийг авах гээд хуулийн төсөл явж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг өгсөн гэсэн. Энэ бичиг таны зөвшөөрлөөр очсон уу?
 
-Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг  маш хэцүү. Нэг үе авлига Монголын хамгийн тулгамдсан асуудал байсан. Дураараа дургидаг, албан тушаалтай л бол болно гэдэг байсан үе дарагдсан. Шилэн дансны хууль гарснаар сумын Засаг даргаасаа эхлээд мөнгөний асуудал дээр гарын үсэг зурахдаа хуулиа хардаг болсон. Иймэрхий байдлаар хяналт тавигдаж байгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг ард түмнээ хамгаална гэсэн үг. Нөгөө талдаа өмгөөлж хамгаалж болохгүй нэг зүйл нь хүний эрхийг зөрчиж болохгүй. Хэрэг илрүүлнэ гэдэг нэрээр олон хоног хорьдог, байцаадаг үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай уулзаад “янз бүрийн гомдол санал байвал нээлттэй ярь” гэж маш тодорхой хэлсэн.
 
-Засгийн газрын тухай хуулийг дахин өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна. Таны өргөн барьсан хуульд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж заасан. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр энэ хоёр хууль зөрчилдөж байна. Намрын чуулганд Засгийн газрын тухай хууль өргөн барихдаа өөрчлөлт оруулах уу?
 
-Энэ хуулийг дахин өргөн барихдаа хугацааг нь бүр тодорхой болгож өгч байгаа. УИХ-ын ээлжит сонгууль болоод түүний дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх өдрөөс хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд томилогдсон өдрөөс Засгийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэгд үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байна гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмэх олон арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс үүнийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн болвол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно. Бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй. Сайд заавал намын гишүүн байх шаардлагагүй. Тухайн салбарын хамгийн сайн ажилтан байхад Ерөнхий сайд оруулж ирээд батлуулж болно. Тэгвэл энэ УИХ-д мэргэжлийн хууль ярих гэсэн хүмүүс өрсөлдөж орж ирэх боломжтой.
 
-Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Авсан саналынх нь тоогоор 1000 төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ тоо нэмэгдсэнээр улсын төсөвт очих ачаалал нь ямар байх вэ?
 
-Улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөдрийн дундаж түвшингээс хэтрэхгүй юм байна билээ. Тиймээс улсын төсөвт айхтар ачаалал болохгүй. Жаахан нэмэгдэж эсвэл хасагдаж магадгүй.
 
-Төрийн өмчит томоохон, аж, ахуй нэгж байгууллагуудын удирдлагын томилгооны асуудлуудыг Төрийн албаны тухай хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ? 
 
-Улсын үйлдвэрүүдтэй холбоотой гурван хуулийг УИХ-аар батлах шаардлагатай байгаа юм. Засгийн газар дээр яриад Ерөнхий сайд боловсруулаад явах ёстой. Энэ цаг мөчөөс хойш Төрийн өмчит аж, ахуй нэгжийг одоогийнх шиг байгуулахаа больё. Төрийн хувь хэмжээ, стратегийн орд гэж ярихаар болбол төр өөрийн хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр өмчөө эзэмш. Хийж чадахгүй бол тэр хувиа хөрөнгө оруулагчдад өг гэдэг зарчмаа хатуу баръя би хэлж байсан. Энэ зарчим болоод үлдчихсэн яваад байгаа. Тэгэхээр үүнийг хуулиар зохицуулаад төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй. Зохицуулалтад нь шаардлагатай зарим нэг зүйлийг бид Төрийн албаны тухай хуульд оруулахыг хичээнэ.
 
-Улс төрийн намын санхүүжилтийн хуулиар Сонгуулийн ерөнхий хорооны эрх үүргийг нэмэгдүүлж байна уу. Эсвэл өөр байгууллагын тухай яригдах уу?
 
-Сонгуулийн Ерөнхий хороо эрх, хэмжээ одоогийнх шигээ байсан дээр гэж би бодож байна. Нэр, усыг нь өөрчилж барих зүйл яригдаж байгаа юм байна билээ. Би тэгэх хэрэггүй гэж бодож байна. Зарим байгууллага байснаараа байгаад үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Тэр дотор уг асуудлыг хариуцсан тодорхой ганц, хоёр нэгж нэмж гарах байх. Бүтцэд өөрчлөлт нэг их орохгүй. Намын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар давхар хийх юм. Улсын бүртгэлийн газар бүх аймагт салбартай учраас түүгээрээ дамжуулна. Сонгуулийн ерөнхий хороо хяналтаа тавина. Эрх үүргийн их тодорхой зааж өгч байгаа учраас гайгүй байх. Гэхдээ сонгууль явуулчихаад бусад үед суучихдаг байгууллага байж болохгүй юм. Бусад үед сонгуульд оролцдог гол сүбьект болох улс төрчид, намуудын үйл ажиллагаанд хяналт тавиад явдаг байхаар зохицуулж өгнө. Маш оронд энэ зарчмаар ажилладаг.  Монголд ч ингэж ажиллахад болохгүй зүйл байхгүй.
 
-Тавантолгой төсөл явсангүй, Оюутолгойн далд санхүүжилттэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох төсөл УИХ-ын төвшинд уналаа. Энэ бүхэнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Оюутолгойтой холбоотой асуудлаар би Ерөнхий сайдад нэг зүйлийг хэлсэн. Айлчлалаар явахаасаа өмнө УИХ дээр баасан гаригт мэдээлэл хийхдээ “Оюутолгойн хоёр дахь шатны ажлаа эхлүүлж байгаа, зарчмын тохиролцоонд хүрч байгаа, ордыг хариуцаж байгаа “Эрдэнэс МГЛ” компани хөрөнгө оруулагч талтай гэрээ зурна” гэдгээ яриад явсан бол ийм ярианд орохгүй. Яриагүй учраас зугатаад дуугүй явчихсан ч юм шиг ойлголт төрүүллээ. Жишээ нь, би Ерөнхий сайд байсан бол араа бодно шүү дээ. Нэг юм зураад ирэхэд ийм хэмжээний ярианд орно гээд, УИХ дээр мэдээлэл хийж байхдаа “Араас битгий хашгираад байгаарай, энэ бол өмнө нь олон сар яригдаад дүрэм журмын дагуу хийгдэж байгаа, ийм арга хэмжээнд би оролцох нь байна шүү гэдгээ хэлээд явах байсан” гэж бодогдож байна. Би түрүүн хэлсэн, Засгийн газрын хийж байгаа ажил бүхний хойноос Засгийн газрыг огцруулдаг, тэр нам Засгаас гарна, тэр нам орно гэдэг УИХ-ын гишүүдийн ярьдаг сэдэв энэ болоод байна.
 
Үүнийг зогсоохын тулд Ерөнхий сайдад тодорхой эрх мэдлийг өгөх ёстой.  Наад зах нь өнөөдрийн Үндсэн хуулиар сайд нарын асуудлыг УИХ дахь намын бүлгээр оруулдаг, намаар ярьдгийг болиул. Ерөнхий сайд оруулж ир. Сайдыг огцруулах асуудлыг гишүүд санаачилж, УИХ-д асуудал өргөн барьдгийг болиул. Найман гишүүн наад зах нь гарын үсэг зураад Ерөнхий сайдад ханд. Хэрвээ Ерөнхий сайд нь огцруулах асуудлыг оруулж ирэхгүй байгаа бол тэр тайлбараа УИХ-даа хэл. Оруулж ирж байгаа бол УИХ шийдээд яв. Ерөнхий сайдын алба хашиж байхдаа би Засгийн газрын хоёр гишүүнээ огцруулах асуудлыг оруулж байсан, огцруулж л байсан. Тийм учраас Үндсэн хуулийн хүрээнд маш олон асуудлыг шийдэх боломжтой. Энэ тухай өмнө нь би ярьж байсан учраас дэлгэрүүлэх шаардлагагүй.
 
Тавантолгой дээр дэндүү их цаг алдаж байна. Хугацаа нь хэтэрсэн хоол хор болдог, хугацаандаа шийдээгүй асуудал хог болдог гэдэг зүйр цэцэн үг хэлье. Би тэгж л боддог. Ачаа болоод л байдаг байхгүй юу. Ямар үр дүн гарч байгааг та бүхэн бараг мэдэж байгаа байх. Шаардлагатай байж уу, үгүй юу. УИХ яриад Засгийн газар татаж авч байгаа гэж би ойлгосон. Засгийн газар цогцоор нь шийдье гээд. Тэр бас зөв санаа байж болно. Тавантолгойн 50 хувь дээр асуудал бий. Дахиад цаад 50 хувийг нөгөө тийш явах төмөр замтай холбож шийдэх хэрэгтэй гээд иймэрхүү шийдэл ярьж байгаа бол гишүүд олон талаас нь ярьсаар байгаад зөв шийдэл болж болно. Өмнө нь хараагүй байсан, магадгүй шаталж шийдэх байсан, асуудлыг нэгмөр шийдэж болно. Одоо үүнээс цааш хугацаа алдмааргүй байна. Цаг алт гэдэг нь ийм зүйл дээр л гарч байгаа юм. Гацууртын ордын тухайд УИХ нэгэнтээ шийдчихсэн, түүн дээр би юу хэлэх вэ дээ.
 
-Таныг эрх мэдлээ нэмэгдүүлэх хэмжээнд 61 хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл унаж байна, шаардлага хангахгүй байна. Боловсруулалт муу байна гэдэг зүйл УИХ дээр яригдаж байна?
 
-Аль болох сайн боловсруулалт хийхийг хичээж байгаа. Хоёрдугаарт, оруулж байгаа хуулиудын нэлээн олон нь УИХ-аас дэмжлэг авсан. Өмнөх бүрэн эрхийн хугацааны юмыг ярьсангүй, шүүхийн шинэчлэлийн хүрээнд болон бусад асуудлын хүрээнд өргөн мэдүүлж,  дэмжигдсэн 23 хуулийн төсөл байдаг. Өргөн барьсан хуулийн төслүүдээс 60-70 хувьтай явж байгаа, боломжийн. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд дээр судалгаа хийсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх санаатай хууль нэгийг ч боловсруулаагүй. Иргэдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрд хариуцлага бий болгох, ард түмний хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулиуд өргөн барьж байгаа. Энэ зарчмаа барина.
 
-Биднийг энд улс төржиж байх хооронд зуншилт хүндхэн болж байна. Монгол орны газар нутаг ган гачиг, түймэрт автчихсан байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
 
-Саяхан би Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтэд явж байхдаа зуншлагын байдал хүнд байгааг харлаа. Мал хаврынхаараа явж байна. Үлээх салхинд уначихмаар л байна билээ. Энэ зун ган ихтэй хүнд байна. Алдарт бичин жил энэ жил дахин давтагдах вий дээ гэж хөгшчүүд ярьж байна. Тэгэхгүй байгаасай гэж залбирч байна. Хур бороо орж, зуншлага сайхан болоосой гэж хүсч байна. Гэхдээ уг ажилд багийн дарга нараас эхлээд аймаг, сумын бүх Засаг дарга нар анхаарал тавьж ажиллаасай. Манай орон бараг 60 сая малтай байна. Үүнийг эзэн нь зохицуулахгүй бол байгаль зохицуулалтаа хийдэг хатуу хуультай. Монголын газар нутгийн бэлчээрт дунджаар 30 сая мал байх ёстой гэсэн судалгаа бий. Тэгэхээр малаа цөөлж нядалдаг ажилд малчид онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд нь зориулаад махыг нь авдаг агуулах, зоорийг байгуулах ажлыг хийгээд өгвөл. Зун их ган болж, намар жаахан цас ороод хөлдвөл идэх өвсгүй болж зуд болно. Наадам дөхөж байхад үхрийн нуруу толийчихсон байдаг. Гэтэл одоо шар үстэйгээ явж байна. Хонины ноос зунгаг гүйгээд хөвсийгөөд гараад ирсэн байдаг. Бас л тэгээгүй байдаг.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг