sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийнхээ талаар мэдээлэл хийхэд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар байлцав. 
 
“Том төрөөс ухаалаг төр рүү” хийх шинэчлэлийг тунхагласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50 шахам хуулийн төсөл санаачилснаас одоогоор таван төсөл УИХ-аар батлагдсан, 19 төсөл боловсруулагдаж байгаа, найман төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, мөн 14 төслийг УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болоод байгаа аж. 
 
Жилийн дараа дөрвөн жил болоод л Монголчуудыг бүрэн утгаар нь талцуулж, бужигнуулж дөнгөдөг УИХ-ын ээлжит сонгууль болно. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сонгуультай холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслүүдээ тайлбарлав.
 
Мэдээж 2016 оны сонгуулиас өмнө дээрх хоёр хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан дээрх хуулийн төслүүдэд Ерөнхий сайд ганцаараа “Давхар дээл”-тэй байх, төрийн албыг улстөрөөс тусгаарлах, төрийн албан хаагчдыг олноор нь халахыг хориглох, сонгууль болохоос нэг жилийн өмнө болон шинээр Ерөнхий сайд томилогдсон нэг жилийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байхыг хуульчлах гээд З.Энхболд, М.Энхболд, Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт дарга нарын ясыг хавталзуулж, зүрхийг дэлсүүлсэн олон заалт, тодорхой хязгаарлалт явж байгаа аж. 
 
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлэх энэ хоёр хуулийн төслөөр УИХ-ын гишүүд аль нэг яамны сайдын суудлыг мөрөөдөх ч эрхгүй болох бөгөөд зөвхөн Ерөнхий сайд л “Давхар дээл”-тэйгээ үлдэж, өөрөө мэдэн яамдын сайд нараа УИХ-ын гаднаас буюу тухайн яамны ажлыг 10 хуруу шигээ мэддэг салбар, салбарын шилдгүүдээр бүрдүүлэх боломжтой болох аж.
 
Мэдээж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд улстөрийн намуудын дарга нар болон УИХ дахь бүлгийн дарга нарын санаанд нийцэхгүй, бүр уурыг нь хүргэсэн зүйл, заалтууд байгаа нь тодорхой.
 
Гэхдээ л Улстөрийн намын тухай хуулийн төсөлд улстөрийн намууд бодлогынх болж төлөвших, аливаа асуудлыг шийдэхдээ бодлогоор өрсөлддөг болох, зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан зэрэг зөрчилтэй улстөрийн намыг татан буулгах, нам болгоныг шилэн данстай болгох, намууд сонгуульд нэр дэвшихийн төлөө гишүүдээсээ хандив барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг нь бууруулах зэрэг маш чухал шинэчлэлийн шинж чанартай заалтууд явж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.
 
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн албаны томилогоог өрсөлдөөний зарчмаар явуулах, албан тушаал дэвшүүлэх, шагнал, урамшуулал олгохдоо мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, үр дүн, манлайлах чадварыг нь заавал харгалздаг болох заалт явж байгаа аж.
 
Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байхыг шаардана.
 
Ингэснээр хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог байдал алга болно. Түүнчлэн үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, зэргийг нь харгалзан үзэж таван жилийн хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болно зэрэг маш чухал заалтууд оруулсан байна. 
 
Түүнчлэн АТГ-ыг Мөрдөн байцаах албаны дэргэд аваачихаар хүчлэн зүтгэж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай биечлэн уулзаж, тодорхой хязгаарлалт тавьснаа, Ч.Сайханбилэг Ерөнхйи сайдыг хэл чимээгүй явж Рио Тинтотой Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг буруутгаснаа ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг бүрчлэн танилцуулав. 
 
Харин өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнх нь 30 хувийг УИХ дээр унагаж дөнгөдөг эрхэм гишүүд өөрсдийнх нь сайд болж, “Давхар дээл” өмсөх эрхэнд нь халдсан эдгээр хуулийн төслийг дэмжих үү, дэвслээд хаях уу гэдгийг ирэх намырн чуулганаар харах л үлдэж байна.
 
Уг нь Ерөнхий сайд нь л “Давхар дээл”-тэй танхимын сайд нар нь “Дан дээл”-тэй болчихвол Монгол Улс төдий л даарч бээрээд байхгүйгээс гадна УИХ нь Засгийн газартаа жинхэнэ утгаар нь хяналт тавиад, гүйцэтгэх засаглал нь ч жинхэнэ мэргэжлийн тал руугаа ойртох учиртай билээ. Гэхдээ өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн бүхэн рүү нүд үзүүрлэн дайрдаг эрхэм гишүүдийн гараас Ерөнхийлөгчийн санаачилсан эдгээр хуулийн төслүүд дэмжигдэн гарч чадвал шүү дээ. 
 
Эх сурвалж: