sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, шинээр зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий болжээ.
 
Уг хуулийн төсөл батлагдсанаар сууршлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 
Энэ үндсэн дээр Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам, Рашаант- Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам, Богдхан уулыг тойрсон хурдны зам, Майдар эко хот байгуулах болон Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн дагуул хот байгуулах зэрэгт зориулан зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эгүүлэн авахаар хуулийн төсөлд тусгажээ.
 
Мөн Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн холимог тээврийн ложистик төв байгуулах,  Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газруудыг хуулийн төсөлд тусгажээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явууллаа.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун, Хуулийн төсөлд “Аюултай хог хаягдлыг хаях төвлөрсөн байгууламж барих” гэсэн заалт нэмэх заалт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг