sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцээд соёрхон батлав.
 
Төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилт нь Төв банкнаас зохицуулж, хянадаг, хэрэглэгчдийн бүх давхаргад тохирсон, өрсөлдөхүйц, харилцан нягт уялдаа холбоотой, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох явдал юм.
 
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр улс үндэстнийг бүхэлд нь хамарсан төлбөрийн цогц үйлчилгээ бүхий найдвартай төлбөрийн системтэй болж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд өсөн нэмэгдэх төлбөр тооцооны системийн найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
 
 Монголбанк нь Засгийн газартай “Зээлийн эргэн төлөлтийн гэрээ” байгуулж, зээлийн хариуцагч нь Монголбанк байх аж. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Азийн хөгжлийн банкны нөхцөл хөнгөлөлттэй учир төлөхөд хүндрэл учрахгүй байх. Гэхдээ банкны салбар энэ зээлийг авах нь хэр оновчтой вэ.
 
Өмнө ийм зээл авч байсан. Энэ хэд дэх удаагийн зээл вэ. Авах мөнгө нь банкны салбарт том мөнгө биш. Энэ чинь үндсэндээ программ гэсэн үг шүү дээ. Өөрсдөө авах боломжтой юм биш үү. Зээл өрийн асуудал огт байдаггүй зүйл биш. Гэхдээ төлж чадах уу гэдэг дээрээ тулгуурлаж авдаг шүү дээ.
 
Монгол Улсын өрийг тооцсон уу, ялангуяа Оюутолгойн өрийг тооцсон уу" гэсэн асуудлыг тодруулсан. Ц.Даваасүрэн гишүүний асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, "Улсын өр тооцох аргачлалд Оюутолгойн өр орохгүй байгаа.
 
Төлбөрийн системийн шинэчлэлд Азийн хөгжлийн банкнаас энэ удаагийн зээлтэйгээ нийлээд 2 дахь удаагаа, Дэлхийн банкнаас нэг удаагийн зээл авч байсан" хэмээн хариулсан.
 
Мөн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, "Зээлийн 90 хувь нь том банк болон дэд бүтцэд орно. Энэ удаагийн шинэчлэлийн хүрээнд нэг цонх нээх зорилготой байгаа юм" гэсэн юм. Гишүүд асуулт асууж дууссаны дараагаар хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буй эсэхээр санал хураалт явуулахад 80,8 хувийн саналаар хуулийг төслийг баталлаа.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг