sonin.mn
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.24.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 50 минутад 56.6 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтов.
 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хороо хэлэлцэж дэмжсэн тул чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа ажлын хэсэг гаргаж хаврын чуулганы завсарлагын хугацаанд ажиллах боломж олгохыг хүсэхэд хуралдаан даргалагч чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар болов.
 
Чуулганы хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх арга хэмжээний талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газар татан авч буйг мэдэгдэв. Мөн зарим хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан юм.
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асууудал хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
 
 
Төв банкнаас зохицуулж хянадаг, хэрэглэгчдийн бүх давхаргад тохирсон, өрсөлдөхүйц, харилцан нягт уялдаа холбоотой, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох зорилготой уг төслийг хэрэгжүүлнээр улсын хэмжээнд төлбөрийн цогц үйлчилгээ бүхий найдвартай төлбөрийн системтэй болж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, ирээдүйд өсөн нэмэгдэх төлбөр тооцооны системийн найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.
 
Төсөл хэрэгжсэнээр бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох цахим төлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлж, бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянаснаар мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулж, банкуудын үйл ажиллагааны бүтээмжит байдлыг дээшлүүлж, мөнгө угаах болон бусад гэмт хэрэгтэй тэмцэхэд үр өгөөжтэй арга хэмжээ болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 
Уг зээл нь 20 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд төслийг 36 сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Зээлийн хариуцагч нь Монголбанк байх агаад Засгийн газартай зээлийн эргэн төлөлтийн гэрээ байгуулж ажиллах юм байна.
 
Мөн зээлийн хэлэлцээрийг сёрхон батлах асуудлыг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.
 
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Даваасүрэн нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуулт саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга хэдийгээр хувийн хэвшлийн өр нь Засгийн газрын өрөнд тооцогдохгүй ч улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлөх учраас хувийн хэвшлийн өрийг бүртгэн тооцож улирал тутам мэдээлж байхыг Монголбанкинд үүрэг болголоо. Ингээд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.8 хувь нь дэмжив.
 
 
Дараа нь “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Харин улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулах Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хуралдаанд ирж амжаагүй.
 
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхэд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчид, аудитын байгууллагын удирдлага оролцох хуулийн заалттай, тэгээд ч илтгэгч нь ирээгүй байгаа тул уг асуудлыг хойшлуулах санал гаргасан юм.
 
Иймээс гадаадад томилолтоор ажиллаж байгаа Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг ирэхээр нь уг асуудлыг хэлэлцэхээр болов. Төсвийн тухай хуульд “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж заасан байдаг.
 
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
 
Уг асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад завсарлага авсан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн завсарлага дууссан учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.