sonin.mn
Иргэний нисэхийн ерөнхий газраас хэрэгжүүлэх "Сумдын тогтмол нислэгийг сэргээх" төслийн эхний шатанд Ховд аймгийн Зэрэг, Булган, Чандмань, Мөнххайрхан, Мөст, Дарви, Цэцэг, Үенч, Алтай зэрэг 9 сум багтжээ.
 
"Сумдын тогтмол нислэгийг сэргээх" төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх ба төсөл хэрэгжсэнээр жил бүр ойролцоогоор 9 тэрбум төгрөгийн нөхөн олговор шаардагдана гэсэн тооцоо гарчээ. 
 
Сумдад нислэг үйлдэх төсөл нь 2015-2016 онд 6 аймаг 60 сумыг, 2017-2018 онд 7 аймаг 75 сумыг, 2018- 2020 онд 3 аймаг 31 сумыг хамран хэрэгжих юм.
 
Энэ тухай Иргэний нисэхийн ерөнхий газраас "Сумдын тогтмол нислэгийг сэргээх"  төслийн баруун бүсийн танилцуулга уулзалтыг Ховд аймагт энэ сарын 22-нд хийх үеэрээ танилцууллаа.
 
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг “Сумдын нислэгийг сэргээх” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ.
 
Сумдад нислэг сэргээх төсөл нь алслагдсан, газрын тээврийн сүлжээ хөгжөөгүй, зах зээлийн багтаамж багатайгаас агаарын тээврийн тогтмол үйлчилгээ хийгдээгүй, орон нутгийн алслагдсан бүс нутгуудыг холбох, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилготой гэнэ.
 
Төсөлд Хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бага оврын агаарын хөлөг худалдан авах, нисгэх баг, ИТА бэлдэх, аэродром сэргээх, аэродромын хашаа хамгаалалт, зорчигч нэвтрүүлэх агаарын хөлгийн ангар, бага оврын ачаа, тээшний машины талаар мөн Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний нөхөн олговорын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, Аэродромын газрын эзэмшил, Аэродром, нисэх буудлын хамгаалалтын асуудал, сумдын нисэх буудлыг хэн ажиллуулах, талбай хариуцах ажилтан бэлтгэх зэрэг олон асуудлыг тусгажээ.
 
Төслийн зорилтот бүлгийн хүрээнд, тухайн бүс нутагт байнга оршин суудаг иргэн, төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах аж. Нутгийн иргэдэд 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй тарифаар долоо хоногт хоёр удаагийн давтамжтай орон нутагт аэродромын нөхцөл, шаардлагад нийцсэн, аймаг-сум хоорондын зах зээлд тохирсон ”Cessna grand caravan 208“ агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
 
Дээрх уулзалт ярилцлагад Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд нар оролцлоо.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг