sonin.mn
МАН Засгийн газраас гарах эсэх талаараа өнөөдөр Тусгаар тогтнолын ордны 6 давхарын танхимд 13 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хийх гэнэ. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж байсан.
 
Тус Засгийн газрыг АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтран бүрдүүлж байсан бол үүний дараагаар байгуулсан  Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд МАН хамтарч, Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулж байв.
 
Сүүлийн үед АН-ын гишүүдээс гэрээний биелэлтийг дүгнэх тухай асуудлыг хөндөөд буй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх байсан ч намын дарга орон нутагт яваа гэх шалтгаанаар хойшлуулаад байсан юм. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр энэ талын байр сууриа илэрхийлсэн удаатай.
 
Сэтгүүлчийн "Хамтарсан Засгийн газраас МАН гарах асуудал нь хамтын ажиллагааны гэрээн дээрээ хэрхэн тусгагдсан бэ. Дан АН-ын санаачилгаар гарчих юм уу. Хоёрдугаарт, Засгийн газраас оруулж ирсэн асуудлууд унаад байна гэж байна.
 
Энэ асуудал дээр аль нам  нь Засгийн газрын асуудлыг унагаад байгаа талаар тоо баримт гаргасан уу"  гэсэн асуултад Б.Гарамгайбаатар дарга, "Дүгнэлт гаргаагүй байгаа учраас “дүгнэж байна” гэж ярих нь эрт байна. Гэрээ хэрхэн яаж цуцлагдах талаар гэрээнд тусгагдсан. Тийм учраас намууд нэг бүрчлэн зүйл заалтаар нь гэрээгээ хамтарч дүгнэнэ. Гэрээний үүрэг даалгавар хэрхэн хэрэгжсэн талаар МАН-тай харилцан ярилцаж, ойлголцохыг оролдъё гэж бид ярилцлаа.
 
Мөн УИХ-д орсон олон чухал хууль, эдийн засагтай холбоотой асуудлууд унасныг та бүхэн мэдэж байгаа. Хэрвээ хамтарсан Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа бол бүх намууд энэ асуудалд анхаарал тавьж ажиллах ёстой. Ингэж ажиллахын оронд бүх бурууг зөвхөн Ардчилсан намд тохоод байх нь буруу гэж үзэж байгаа" гэсэн хариулт өгч байсан юм. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг