sonin.mn
БРЮССЕЛЬ. /NHK/. НАТО-гийн гишүүн улсуудын батлан хамгаалахын сайд нар эвслийнхээ батлан хамгаалах харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Сайд нарын хоёр өдрийн уулзалт өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод эхэлсэн юм.
 
Тэд НАТО-гийн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинд нисэх хүчний албан хаагчид болон усан цэргүүдийг нэмэн албан хаагчдын тоог 40 мянга хүргэхээр шийджээ. Энэ нь одоогийн албан хаагчдын тооноос бараг гурав дахин их үзүүлэлт юм.
 
Мөн сайд нар Зүүн Европ, тэдгээрийн дотор Польш болон Оростой хиллэдэг Балтийн тэнгисийн бүс нутагт орших гурван улсад хүчнийхнээ байрлуулж, шинэ байгууламжууд байгуулахаар тохиролцсон байна.
 
Балтийн тэнгист Орос цэргийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тив хоорондын баллистик пуужингууд байрлуулахаар төлөвлөж байгаагийн хариуд НАТО-гийн гишүүн улсууд батлан хамгаалахын харилцаагаа бэхжүүлэхээр шийдсэн бололтой.
 
Эвслийн гаргасан шийдвэр ОХУ-тай зэвсгээр хөөцөлдөхөд хүргэж болзошгүй эсэхийг лхагва гарагийн хуралдааны дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергээс сэтгүүлчид асуужээ.
 
Тэрбээр, “НАТО сөргөлдөхийг хүсээгүй. Гэхдээ НАТО гишүүн улсуудаа аюулгүй байлгахад бэлтгэлтэй байх хэрэгтэй байна” гэж хариулсан байна. Балтийн гурван улсад танк болон цэргийн бусад техник хэрэгслийг байрлуулахаар төлөвлөж байгаагаа АНУ урьд нь мэдэгдсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг