sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч холбогдох албан тушаалтнууд ирээгүй байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулав.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхэд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчид, аудитын байгууллагын удирдлага оролцох хуулийн заалттай, тэгээд ч илтгэгч нь ирээгүй байгаа тул уг асуудлыг хойшлуулах санал гаргасан юм. Иймээс гадаадад томилолтоор ажиллаж байгаа Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг ирэхээр нь уг асуудлыг хэлэлцэхээр болов. 
 
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугцаа дууссан учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг