sonin.mn
АБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн хойд нутагт “Боко Харам” бүлэглэл халдлага үйлдэж, наад зах нь 40 хүний амийг хөнөөсөн байна. Нигерийн Борно мужийн Дебиро Би, Дебиро Хавул тосгонд даваа болон мягмар гарагт халдлага болжээ. Босогчид тосгон руу машинтай орж ирэн, буудаж, дээрэмдэж, байшингуудыг шатаасан гэж оршин суугчид мэдэгдэв.
 
Үүнээс гадна, Борно мужийн зэргэлдээх Йобе мужийн Гужба хотод 12 настай охин амиа золиослож, наад зах нь 12 хүний амийг хөнөөсөн байна.
 
Уг халдлагын талаар “Лалын улс” бүлэглэл ямар нэг мэдэгдэл хийгээгүй боловч тус бүлэглэл нь ийм халдлага үйлддэг билээ. “Боко Харам” бүлэглэлийн хяналтад байсан Гужба хотыг Нигерийн арми энэ жилийн эхээр чөлөөлсөн байна.
 
2009 оноос эхэлсэн “Боко Харам” бүлэглэлийн хүчирхийллийн улмаас Нигерт 18 мянган хүн амиа алджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг