sonin.mn
КАРАЧИ. /ВВС/. Пакистаны өмнөд нутгийн Синд мужид хэт халсны улмаас амиа алдагсдын тоо 800 давж, цогцос хадгалах газрын хүчин чадал дээд цэгтээ хүрсэн гэж эмнэлгийн албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Тус мужийн Карачи хотод 780 хүн хэт халууны улмаас амь эрсэдсэн бол мужийн энд тэнд 30 хүн мөн амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ хямралыг дарахаар хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж иргэд албаны хүмүүсийг шүүмжилж байна.
 
Өнгөрөгч мягмар гарагт температур Цельсийн 45 градус хүрч халснаар Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авахыг албаны хүмүүст үүрэг болгож, хэт халж байгаа гол газруудын хүмүүст туслуулахаар армийнхныг байрлуулжээ.
 
Өчигдөр тэнгисийн салхины ачаар Карачид температур 34 градус болж буурсан байна. Гэхдээ өдрийн цагаар цахилгаан эрчим хүчийг таслан агааржуулагч болон сэнсийг ажиллуулахыг хязгаарлаж байгаатай холбоотойгоор иргэд эрх баригчдад уурлаж байна.
 
Хохирогчдын олонх нь бага орлоготой өрхүүдийн хөгшид аж. Наранд цохиулсан хэдэн мянган хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэдний заримынх нь бие тааруу байна.
 
Пакистанд зуны саруудад ерөнхийдөө ингэж хэт халдаг ч цахилгаан эрчим хүчийг хязгаарласаар байгаа нь асуудлыг улам дордуулж байх шиг байна гэж “ВВС” телевизийн сэтгүүлчид мэдээллээ.
 
Карачид 1979 онд цаг агаар түүхэнд байгаагүйгээр халж байжээ. Тодруулбал, тус хотод 47 градус хүрч байсан гэнэ. Өнгөрсөн сард тус улсын хөрш Энэтхэгт цаг агаар хэт халсны улмаас 1700 орчим хүн амь эрсдэж байсан билээ.
 
 Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг