sonin.mn
Монголын зэвсэгт хүчний хээрийн дадлага сургалтын гол талбар бол Тавантолгой хэмээх уул, толгод, ус, цүнхээлтэй газар юм. Энд Монголын ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа "Хааны эрэлд 2015" олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн  сургалт, дадлага хийж байна. Ес дэх жилдээ болж буй энэ сургалтад 24 улсын 1224 цэргийн албан хаагч хамрагдаж байгаа юм.
 
Тэд Тавантолгойг чухам доргиож байгаа мэт харагдав. Сэтгүүлч биднийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Б.Эрдэнэбат, АНУ-ын сургуулийн удирдагч, хурандаа Велез нар хүлээн авч Команд штабын сургуулиас эхлээд салаадын хээрийн сургууль, хичээлийн цэгийн сургалт, амьд гарах арга ухааны дамжаа, усан эргүүлийн сургагч багшийн дамжаа гээд оволзсон их сургуулилтын талбаруудтай танилцууллаа.
 
Команд штабын сургалтад АНУ-ын тэнгисийн явган цэргийн нэгдүгээр батальон, есөн улсын 20 гаруй офицероор ахлуулсан цэргүүд оролцож байна. Нийт 146 цэргийн албан хаагч энд сурч байгаа аж. Салаадын хээрийн сургуулийн сургалт, газар, ус, нурсан балгасын дунд болж буй нь "дайны талбар"-ыг санагдуулам амьд үнэмшилтэй болж байна.Буун дуу, гранат дэлбэрэх, гал дүрэлзэн, утаа манарах нь цочмоор.  
 
Энд амьд гарах арга ухаан, усан эргүүлийн сургагч багш бэлтгэж буй бөгөөд Азийн орнуудаас Филиппин, БНХАУ, Тажикстан, Японы цэргүүд анх удаа  оролцож байхад европыг төлөөлж БНЧУ-ын 25 хүнтэй салаа анх удаа оролцож байна. Эдгээр сургалтад оролцож буй зарим орны энхийн дайчид эндээсээ шууд БНӨСуУ /Өмнөд Судан улс/-д болон Афганистан  руу явж албаа үргэлжлүүлэн хаах юм гэнэ.
 
Тиймээс тэднийг Афганистан дахь НАТО-гийн цэргийн болон Өмнөд Судан дахь байдалд ойртуулсан цэргийн ажиллагаанд сургаж буйгаараа онцлог гэдгийг цэргийн удирдлагууд тайлбарлав. 
 
Энэ сарын 20-ноос 7 дугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх сургуулилт өдөр бүр хичээл, сургалтын 8 цэгт ажлын цагаар үргэлжилж байна. Чөлөөт цагт нь улс хоорондын дайчдын нөхөрсөг уулзалт, үдэшлэг, спортын тоглолтууд хийж байгаа нь олон орны дайчдыг "Дэлхий" хэмээх нэг гэрийн хүүхдүүд шиг дотносуулж буйг ч дурдахгүй байхын аргагүй.
 
Усан эргүүлийн сургагч багшийн дамжаанд манай улс илүү анхаарч АНУ-ын сургагч багш нарыг 25 хүнтэй бүлэг дагалдан сургуулилт хийж байв. Тэд усан эргүүлийн онолыг эхний гурван  өдөр заалгаад усанд сэлэлт, усан эргүүлийн дадлагыг 3-5 өдрийн хугацаатай хийж байна. Олон улсын хээрийн сургуулийн нэг хэсэг нь эмнэлгийн хамтарсан ажиллагаа юм.
 
Гэхдээ эмнэлгийн хамтын ажиллагааг хээрийн нөхцөлд бус амьдралын  гүн рүү орж Улаанбаатар хотын дүүргүүдэд очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг, шинжилгээ хийх юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд долоо хоногийн үзлэг зохион байгуулж өдөрт 500-600 хүн үзэж, нийтдээ 4500-5000 хүнийг эмнэлгийн үйлчилгээнд хамруулах хуваарь гаргажээ.  
 
Мөн тус дүүргийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 25 хүнд гэрээр нь явж үйлчилгээ үзүүлэх юм. Мал эмнэлгийн үйл ажиллагаанд ч монголын ЗХ-ний байгууллагын 15 малын эмч оролцож байна. Барилгын талбарт ч бүтээлч ажил хийх юм байна. Ийнхүү Тавантолгойг доргиож буй олон улсын цэргийн хээрийн сургуулилт эрчимтэй, идэвхтэй, ихийг суралцсан нөхцөлд үргэлжилж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг