sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай  Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд хатагтай  Катрин Арнолд хүлээн авч уулзаж байгаад таатай байна гээд цаашид  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон бусад чиглээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх концессийг УИХ-аар батлуулсан. Гадны орнуудаас нийслэлд хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд зарим улстай хамтраад төсөл хөтөлбөрүүд боловсруулж байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрэгжүүлэх тодорхой төслүүд дээр Английн мэргэжилтнүүдээс зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байна. “Сити Лондон” биднийг дэмжин ажиллана гэсэн. Бид ч хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул Та дэмжлэг үзүүлээрэй. Мөн экологи ногоон хөгжлийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Цаашдаа хамтын ажиллагааг тогтвортой явуулах талаар санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.
 
Харин хатагтай Катрин Арнолд “Миний зүгээс “Сити Лондон”-той хамтран ажиллахад хувь нэмрээ оруулах болно. Үүнээс гадна Улаанбаатар хоттой хамтран ажиллах олон чиглэл байгаа гэж харж байна. Мөн “Глобе” театр дэлхийг тойрон аялан тоглолт хийж байгаа. Төлөвлөгөө ёсоор Монгол Улсад энэ оны 08 сарын 12-нд У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг тавих гэж байна. Тэр үеэр Та Улаанбаатарт байх бол ирж үзээрэй. Мөн энэ соёлын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой юу?” гэлээ.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бүх талын дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.