sonin.mn
Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Мандалговь хотын төвд сүндэрлэж байгаа “Залуус” хотхон дахь шинэ орон сууцаа хүлээн аваад байна. 
Цагдаагийн байгууллагын эрүүл мэнд, боловсрол,нийгмийн хамгаалалыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа томоохон ажил нь энэ бөгөөд аймгийн удирдлагад хүсэлт тавьж, 50 айлын орон сууц барих газрын зөвшөөрөл авсны үндсэн дээр эхний 30 айлын орон сууцыг ийнхүү бариулжээ. 
Алба хаагчид орон сууцныхаа урьдчилгаа үнийг хуримтлуулснаар барилгаа барих хөрөнгийг босгосон бөгөөд орон сууц ашиглалтад ороход ипотекийн зээлд хамрагдан орон сууцаа худалдан авчээ. 
Орон сууцны нэг метр кв талбай нь Дундговь аймаг дахь орон сууцны үнэ ханшаас хямд буюу 950 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байна. Орон сууцны гүйцэтгэгчээр “Мандал өргөө” ХХК шалгарч, барилгыг чанарын сайн үнэлгээтэйгээр улсын комисст хүлээлгэн өгчээ. 
Энэ маягаар цаашид 20 айлын орон сууц барьж, алба хаагчдаа орон сууцаар хангана гэж Цагдаагийн газрын дарга Л. Гүндсүрэн хэллээ.
 
Дундговь Т. Отгонтуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг