sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ. Газрын харилцаа, геодези, зураг зүй, дэд бүтэц, уул уурхайн салбарт технологийн дагуу геодезийн хэмжилт хийх багажийг баталгаажилтанд хамруулж ашиглаж байхыг зөвлөсөн байна. Мөн шинээр болон шинэчлэн өөрчлөн барьж байгаа барилга, байгууламжуудад байр зүйн болон дэвсгэр гүйцэтгэлийн зураг хийлгүүлж, улс, орон нутгийн мэдээллийн санд бүртгүүлэн, хуулиар тогтоосон хамгаалалтын зурвас газрыг тогтоолгох нөхцөл бүрдүүлэх, аливаа үйл ажиллагаандаа газар зүйн албан ёсны нэрийг ашиглахыг зөвлөлөө. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдүүд эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газраас зориулалтаас хамаарахгүй кадастрын зураг хийлгүүлж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлж, газартай холбоотой үүсэх зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, шинээр барьж байгаа барилга, байгууламжийг барих үед гүйцэтгэгчид аюулгүй байдлыг хангах технологийн дагуу хийгдэх геодезийн хэмжилт зураглалын ажлыг Барилгын геодезийн ажил БНбД11-08-06-г мөрдөж ажиллахыг зөвлөлөө.