sonin.mn
Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай цахимаар холбогдож ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.06.25/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо.
 
Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар оролцож “Баян-Өлгий аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал” сэдвээр аймгийн удирдлагуудтай ярилцлаа.
 
 
 
Цахим ярилцлагын эхэнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын орлогч Н.Санатбек цаг үеийн мэдээлэл танилцуулахдаа худалдан авах ажиллагаа болон төсвийн дутуу санхжүүжилт, тендэрийн маргаан зэрэг асуудлаас болж Баян-Өлгий аймгийн хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил саатаад байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн Цагаан нуурын чөлөөт бүсийг байгуулах ажил тодорхой шалтгаануудын улмаас удааширч байгаа. Үүнийг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын явцыг түргэсгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цагаан нуурын чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлснээр зөвхөн Баян-Өлгий аймаг төдийгүй баруун бүсийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, худалдаа наймаа болон бизнесийн орчин сайжрах зэргээр эдийн засгийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтойг дурдаж байлаа.
 
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт 2013 онд 7.6 тэрбум төгрөгөөр батлагдаад, 7 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирсэн. 582.8 сая төгрөгийн санхүүжилт дутсан бөгөөд үүнийг Сангийн яамнаас нөхөн шилжүүлээгүй. 2014 онд 10.4 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөгдсөн ч гүйцэтгэл нь 6.9 тэрбум төгрөг байгаа. 2015 оны санхжүүжилт нь 5 тэрбум төгрөг бөгөөд үүгээр өнгөрсөн онуудын үлдэгдэл өрийг дарсан. Ийнхүү он дамнасан дутуу санхжүүжилтийн асуудлаас үүдэн энэ онд дээрх сангийн хөрөнгөөр санжүүжүүлж буй бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон талаар мэдээлэв.
 
 
 
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей төсөв болон цаг хугацаа хэмнэн орон нутагтай цахим хэлбэрээр холбогдож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явц нь “Баян-Өлгий аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал” хэмээх өнөөдрийн цахим ярилцлагын сэдэвтэй холбоотой. 2015 оны улсын төсөвт орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болгон Баян-Өлгий аймагт 11.9 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг бол 7.3 тэрбум төгрөгөөр тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгөөр санхжүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 11.2 тэрбум төгрөг байгаа хэдий ч гүйцэтгэл хангалтгүй байгаа нь үнэн. Аймгийн удирдлагуудын танилцуулсан бүтээн байгуулалтын ажлын явц, санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор Сангийн яам, Хөгжлийн банк, Худалдан авах ажиллагааны газар зэрэг байгууллагуудтай холбогдон, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр зөвшилцөж байна гэлээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн хөгжлийг асуудал нь зөвхөн улсын төсөв, санхүүжилттэй холбоотой биш гэдгийг санаж, зарим бүтээн байгуулалтыг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, концессын гэрээ болон бусад төсөл, хөтөлбөрүүдийн шугамаар шийдэх боломж бийг санууллаа.
 
 
 
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Улсын төсвийн гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Өмнөх жилүүдэд ажил гүйцэтгэсэн ч төлбөрийг нь төлөөгүйгээс улсын хэмжээнд 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал бий. Дээрх асуудлын нэг хэсэг нь манай аймагт байгаа юм байна, Засгийн газар шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэл бидэнд өгсөн. Аймгийн удирдлагууд уулзалтын эхэнд зөвхөн улсын төсөв, санхүүжилттэй холбоотой мэдээлэл хийлээ. Нийт 8 аймгийн дунд баруун бүсийн аж үйлдвэрийн парк байгуулах ажил байгаа бөгөөд бид ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгааг дуулгая. Энэхүү аж үйлдвэрийн парк байгуулагдснаар баруун бүсэд ажлын байр нэмэгдэх, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхийн зэрэгцээ малын гаралтай түүхий эд борлуулах зах зээл өргөжих өндөр ач холбогдолтой юм.
 
Цахим ярилцлагын сэдэв “Баян-Өлгий аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд”. Харин аймгийн удирдлагууд энэ сэдвийг өргөн хүрээгээр харах хэрэгтэй. Баян-Өлгий аймагт тулгамдсан асуудлуудын жагсаалтын 1 дүгээрт хөдөлмөр эрхлэлт гэж би харж байна. Монгол Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7 хувьтай байгаа бол Баян-Өлгий аймагт 22 хувь гэсэн мэдээлэл бий. Энэ тоо үнэн бол улсын дунджаас 3 дахин их гэсэн үг. Тиймээс ажилгүйдлийг бууруулах, нийт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байгааг бидэнд танилцуулах шаардлагатай байна. Энэ нь шинэ асуудал биш, 2013 онд А.Бакей гишүүн бид хоёр Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай уулзаж, яамнаас Ажлын хэсэг томилон Баян-Өлгий аймагт ажиллуулж байсан. Мөн ажилгүйдлийг бууруулах чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэдгээрийн үр дүн ямар байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй байна гэлээ.
 
Мөн сүүлийн жилд Баян-Өлгий аймаг Хөгжлийн банкаар дамжуулан Чингис бондын хөрөнгөөс 37 төсөлд 882 сая төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл байна. Нэг төсөл хамгийн ихдээ 90 сая төгрөг авсан байна. Эдгээрийн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай байна гэлээ.
 
 
 
УИХ-ын гишүүн А.Тлейханы асуултад Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын орлогч Н.Санатбек ЖДҮХ сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудаар дамжуулан аймгийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил явагдаж байна. Аймгийн удирдлагуудын зүгээс Хөдөлмөрийн яамны Ажлын хэсэгтэй хамтран үр дүнтэй ажиллаж, өнгөрсөн онд олон хүнийг ажлын байраар хангасан. Мөн хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, МСҮТ-ийн төгсөгчдийн ажил эрхлэлтэд анхаарч ажиллаж байгаагийн үр дүнд 50-60 оюутныг ажлын байраар хангахаар төлөвлөөд байна. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд 2014 онд 1400 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Ажилгүйдийн түвшин өндөр гэдэг нь тооцоллын хувьд алдаатай байж болзошгүй хэмээн Баян-Өлгий аймгийн удирдлагууд үзэж, холбогдох байгууллагуудаар нягтлуулах хүсэлтээ уламжлаад байгаа гэв. Чингис бондын хөрөнгөөс авсан зээлүүдийн үр дүнгийн тухайд өнгөрсөн онд Чулууны үйлдвэр, Хайрганы үйлдвэрийг байгуулсан гэлээ.
 
Цахим хуралд оролцогчид Баян-Өлгий аймгийн хөгжлийн асуудлаар харилцан санал солилцож, тус аймагт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрүүд болон уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.
 
Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн А.Бакей, 21 аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргахад Баян-Өлгий аймаг 10-12 дугаарт бичигдэж байна. Өрсөлдөх чадвар гэдэгт зөвхөн эдийн засгийн үзүүлэлт төдийгүй засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн асуудал хамаарна. Хэдийгээр өрсөлдөх чадвараар дундаж хэмжээнд байгаа ч цаашид сул талуудаа анхаарч, сайжруулах тал дээр аймгийн удирдлагууд анхаараарай. УИХ-ын гишүүд бид шаардлагатай зүйлүүд дээр анхаарч ажиллана. Баян-Өлгий аймгийн хөгжүүлэхэд төсөв, хөрөнгөөс гадна аймгийн удирдлагуудын хариуцлага, ажил хариуцах чадвар, менежмент, санаачилга чухал. Болохгүй бүхнийг төсөв, санхүүгээс үүдэлтэй гэж хэлэх аргагүй. Тиймээс энэ тал дээр цаашид анхаарч ажиллаарай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр аймгийн удирдлагууд санаачилгатай, үр дүнтэй ажиллах шаардлагатай байгааг хэлснээр энэ удаагийн цахим хурал өндөрлөсөн юм.
 
Энэ удаагийн цахим хуралд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Санхүү, төрийн сангийн хэлтсий дарга Б.Шолпан болон Боловсрол, соёлын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.