sonin.mn
Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наадмын өдрүүдэд ажил албанаасаа холдож, дэлгэр Монголынхоо дэнжийг хотойтол нааддаг наадамчин олондоо аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.
Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тус аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх бол Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сумд наадамчдын хөлд дарагдаж, түүхт  90 жилийн ойгоо тэмдэглэнэ.
 
 
Архангай аймаг
Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-нд тохиох юм. Мөн Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 
 
 
Баян-Өлгий аймаг
Баян-Өлгий аймгийн баяр наадам ирэх долдугаар сарын 10-11-нд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа юм.
 
 
Баянхонгор аймаг
Хонгор нутгийнхны наадам долдугаар сарын 8-10-нд зохион байгуулах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.
 
 
Булган аймаг
Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-нд зохион байгуулна. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долоодугаар сарын 18-19-нд 4 түмэн  адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долдугаар сарын 29-31-нд болох юм.
 
 
Говь-Алтай аймаг
2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долдугаар сарын 7-9-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
 
 
Говьсүмбэр аймаг
Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ойтой сум байхгүй аж.
 
 
Дархан-Уул  аймаг
Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долдугаар сарын 9-11-нд зохион байгуулна.
 
Дорноговь аймаг
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-нд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-нд зохион байгуулахаар болжээ.
 
 
Дорнод аймаг
Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долдугаар сарын 15-17-нд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-нд болно.
 
Дундговь аймаг
Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-нд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-нд зохион байгуулах юм. Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байна.
 
Завхан аймаг
Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-нд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.
 
 
Орхон аймаг
2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-нд наадамлана.
 
Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-нд баяр наадмаа тэмдэглэнэ. Мөн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.
 
 
Өмнөговь аймаг
Өмнийн говийнхон ирэх долдугаар сарын 25-26-нд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.
 
 
Сүхбаатар аймаг
Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-нд ойгоо тэмдэглэх аж. Мөн тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-нд бүсийн хурдаар наадамлах ажээ.
 
 
Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймгийн наадам долдугаар сарын 9-11-нд зохион байгуулах бөгөөд Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долоодугаар сарын 4-6-нд тохионо.
 
 
Төв аймаг
Төв аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.
 
 
Увс аймаг
Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-нд болно.
 
 
Ховд аймаг
Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-нд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-нд наадамлана.
 
 
Хөвсгөл аймаг
Хөвсгөлийнхөн ирэх сарын 10-11-нд наадмаа хийнэ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтоо бөгөөд ойн наадам долоодугаар сарын 19-20-нд болно. Мөн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долдугаар сарын 10-11-нд тэмдэглэх юм.
 
 
Хэнтий аймаг 
Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ойн наадмууд долдугаар сарын 8-9-нд тохиож байна.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг