sonin.mn
Энэ үгийг би биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандаж хэлсэн юм.
 
Өнгөрсөн даваа гарагийн АН-ын бүлгийн хуралдааны дараа Б.Гарамгайбаатар дарга мэдээлэл хийхдээ “МАН Засгийн газарт хамтарч орсноос хойш өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр л бүрэн биелүүлсэн. Үүнийг АН-ын бүлгийн хуралдаанаар дүгнэж үзсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн” хэмээсэн нь өнөөдөр Засгийн газрыг дэнжигнүүлэх хэмжээнд хүргээд байгаа. 
 
Тэгвэл өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын мэдээлэл болон АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрийн хариуд “УИХ дахь АН-ын бүлэг хий хоосон улстөржиж, жинхэнэ популизм хийн засагт хамтарсан МАН-ын сайд нар руу гүжир гүтгэлэг явуулаад байхад хэдий болтол дуугүй суух вэ. Тэр Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр “МАН-ын сайд нар Архангай аймагт иргэдтэй уулзахдаа Засгийн газрыг шүүмжилсэн, ар хударгаар муулсан” гэж байна. 
 
МАН-ын зүгээс “Бид хамтдаа” аянаар хөдөө орон нутагт ажиллахдаа Засгийн газрыг шударгаар шүүмжилсэн нь үнэн. Харин “Болж бүтэхгүй, муу муухай бүхнийг МАН-ынхан ярьж байна” гэж АН-ын бүлгийн дарга нар ярьсан нь цэвэр гүтгэлэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. МАН 2014 оны 12 дугаар сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг л зүйлийг албан ёсоор, хатуухан мэдэгдэж байсан. 
 
Тэр нь “Бид хамтарсан Засгийн газарт орлоо гээд энэ Засгийн газрын болон өмнөх Засгийн газрын хууль бус, хууль зөрчсөн алдаа дутагдлыг хэзээ ч, яагаад ч хамгаалахгүй, үнэн юмыг үнэнээр нь ард түмэндээ мэдээлнэ, болж бүтэхгүй зүйлд албан ёсны шаардлагаа тавина, болж бүтэж байгаа зүйлийг нь дэмжээд хамтраад явна” л гэсэн. 
 
Түүнээс гадна МАН хамтарсан Засгийн газарт орсон 2014 оны 12 дугаар энэ Засгийн газарт байгаа хугацааныхаа ачааг үүрнэ, хариуцлагаа ч хүлээнэ гэдгээ маш тодорхой хэлсэн. Харин тэрнээс өмнө буюу 2012 оны наймдугаар сард байгуулагдаж 2014 оны 11 дүгээр сард огцрох хүртлээ хоёр жил гуравхан сарын дотор Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, өрөнд бариулсан Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрын алдаа завхрал, түүнээс улбаалсан хариуцлагыг МАН яагаад ч үүрэхгүй гэдгийг анхнаасаа тодорхой илэрхийлж байсан. 
 
Өнөөдөр улс орны ажлыг хэн гацаагаад байгааг бүгд мэднэ. Том төслүүд буюу Оюутолгой, Тавантолгойг АН гацааж байна. МАН-ын УИХ дахь бүлэг Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, УИХ-ын даргын зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь Тавантолгой АН-ын фракцуудын эрх ашгийн зодооноос болж гацчихаад байгаа. 
 
Өнөөдөр Тавантолгойн асуудал АН болон УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд л хав дараастай хэвтэж байгаа. МАН малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, сонгуулийн шинэ хуультай холбоотой олон санал, санаачилга, хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан. 
 
Гэтэл өргөн бариад жил болж байгаа найман сар болж байгаа хууль, тогтоолын төслүүд УИХ-ын даргын өрөөнд хав дараастай байж байгаа. Бид хөдөө гадаа явж ард иргэдтэй уулзахад “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулаад өгөөч, малчдын тэтгэдрийн насыг таван жилээр наашлуулаад өгөөч, сонгуульд намын нэрсийн жагсаалтаар сонгогддог, сонгуулийн дүнг хар машинаар тоолдгийг болиулаад өгөөч” гэдгийг маш ихээр тавьж байна.
 
Энэ бүх асуудал өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд гэдэг хүний өрөөнд тоосонд даруулаад л хэвтэж байгаа. Тэгсэн мөртлөө УИХ дээр албан ёсоор хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дахиж оруулж ирэх гээд яригдаж байх жишээтэй. 
 
МАН энэ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яагаад дэмжээгүй вэ гэхээр “Цагаан захтан” гэгддэг энэ дарга нар болон хууль бусаар, буруу замаар хөрөнгө мөнгөтэй болсон этгээдүүдийг хамгаалж, өмгөөлсөн хууль гарах гээд байгаа учир энэ хэсгийг нь авч хая, тэгээд явуулъя гэсэн. 
 
Харамсалтай нь эрх баригч АН “Цагаан зах”-тай гэмт хэрэгтнүүдийг өмгөөлж, хамгаалсан тэрхүү заалтаа авч хаяхгүй тэрүүгээр нь явуулна гэсэн. 
 
Тэгээд зарчмын зөрүүтэй санал гараад энэ хууль УИХ дээр унасан. Гэтэл долоо хоноогүй байхад Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг дахиж оруулж ирэхээр ярьж байна. Ямар хууль нь долоо хонохгүй дахиад орж ирдэг юм, харин ямар хууль нь бүтэн нэг жил дарагдаж хэвтдэг юм бэ гэдгийг УИХ-ын даргаас асуумаар байна.
 
Товчхондоо төрийн ажлыг АН-аас өөр гацаасан субьект байхгүй. Бид ямар нэгэн зүйл зохиож яриагүй. Болж байгаа, бодит зүйлийн талаар л ярьж байна. Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг засгаас хөөж, туусан албан ёсны шийдвэр гарсан зүйл ирээгүй байна. Товчхондоо энэ бол АН-ын ээлжит шоу л явж байна. Сүүлийн үед АН-ын рейтинг унаж, МАН-ынх өсч байгаа. Тийм болохоор АН ингэж жижиг асуудлаар улстөржиж байна. 
 
МАН-ын сайд нар чадлаараа ажиллаж байгаа. 700 тэрбумын алдагдалтай, туйлын хүндэрсэн Монгол Улсын Сангийн яамыг хүлээж авсан Ж.Эрдэнэбат сайд өдөр, шөнөгүй ажиллаж байна. Д.Оюунхорол сайд бүтэн 25 жил шийдэж чадахгүй байсан Зайсангийн иргэдийн газрын асуудлыг зургаахан сарын дотор шийдвэрлэж чадлаа. Долларын ханш буурч байна. Энэ мэт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Бүх зүйл өргөс авсан мэт нэг өдөр засагдана гэж байхгүй. 
 
Үүний хажуугаар алдаа дутагдал, буруу шийдэл их явж байна. Манай намын хувьд хууль бус зүйлийг дуугуй хараад сууж чадахгүй. Гэхдээ МАН засгаас гарахгүй. Хамтарсан шиг хамтарч, ачаагаа үүрсэн шиг үүрнэ.
 
Хоёр оны зааг дээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Чингис, Самурай бондоос нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийгдсэнгүй. 
 
Ганцхан Боинг онгоц л худалдаж авлаа” гэж ярьсан нь одоо ч хадгалагдаад байж байгаа. АН-ын болон УИХ-ын дарга нь өөрөө ингэж дүгнэсэн. Тийм болохоор “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт ямар ч үр ашиггүй гарын салаагаар урсаж, зарим нэгэн албан тушаалтнууд багагүй идэж зувчуулсан юм байна гэж л ойлгогдож байгаа.
 
Монгол Улс дааж давшгүй өр ширэнд орсон уу гэвэл орсон. Өнөөдөр “Чингис”, “Самурай” Хөгжлийн банкны зээлийн хүүд жилдээ 100 ширхэг 12 жилийн дунд сургууль, 300 ширхэг хүүхдийн цэцэрлэг барих мөнгийг төлж байгаа нь үнэн үү, үнэн. 
 
Одоо Засгийн газар дахиж нэг тэрбум ам. долларын бонд босгоод өмнөх өрөө төлье гээд явж байгаа нь үнэн үү, үнэн. Бид Архангай аймагт “Бид хамтдаа” аяныг хийж, иргэдтэй уулзахдаа эдгээр асуудлыг ярьсан. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар улстөрийн хэрүүл хийхдээ их гарамгай юм байна. 
 
Түүн шигээ “Монроуд” компанийхаа тавьсан там шиг замаа л гарамгай сайн засч янзлах хэрэгтэй. Б.Гарамгайбаатарын мэдэлд байдаг “Монроуд” компани Хэнтий аймгаас Улаанбаатар хүрэх замын хэсэг буюу Жаргалтхаан сумын нутагт тавьсан 50 км зам нь өнөөдөр жинхэнэ там болчихоод ард иргэдийг бухимдуулсаар байгаа.
 
Одоо Архангайн Чулуутаас Завхан хүрэх замыг бас л там болгочихолгүй гарамгай сайн хийхээ л бод. Хэрүүл хийхдээ гарамгай сайн юм байна. Гэхдээ бүх бурууг МАН-д нялзаах гэсний хэрэггүй. Янцаглахыг нь би янцаглаж, үүрэхийг нь чи үүр гэж болохгүй гэдгийг АН-д зориулж хэлье.
Зургаан сайдын суудлаар МАН-ын амыг барина гэж бодож байгаа бол эндүүрч байна. 
 
Тэгээд ч МАН-ыг Засгийн газраас хөөнө гэж “Шог гараа” хийхээ боль. Цагаа тулвал АН тийм алхам хийж чадахгүй. Би гурван жилийн өмнө нийтлэлч Баабарын Сүгсэлзүүр гэдэг нийтлэлийг нэлээн тогтож уншиж байсан. Одоо АН-ынхаан бүх юман дээр сүгсэлзэхээ больцгоо, ялангуяа Б.Гарамгайбаатараа сүгсэлзэхээ болио” гэсэн юм. 
 
Нээрээ ч Монголын улстөрд сүгсэлзүүрүүд гавьяа байгуулсан түүх байхгүй. Ялангуяа дарга нар сүгсэлзээд эхлэхээр тарж бутарч, эвдрэлцэж хэмхрэлцэн хэдэн тийшээ харж суусаар дэлхийн хөгжлөөс хоцорсноос өөр гялтайж гялайсан зүйл байхгүй. 
 
Сэгсэлзүүр, сүгсэлзүүр нэг л тийм олиггүй зүйрлэл юм даа. Ер нь Монголын улстөрчид сэгсэлзэж, сүгсэлзэхээ хойш тавиад элгээр нь хэвтүүлсэн эдийн засгаа өндийлгөж босгохын төлөө хамтарсан шиг хамтран зүтгэхгүй бол байдал улам л базаахгүй болно шүү. 
 
Эх сурвалж: