sonin.mn
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд олон хууль өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед нийгмийн амьдралд шууд нөлөөлөх, суурь шинжтэй хуулиудын хэлэлцүүлгийн явц, хуулийн төсөлд туссан зарим онцлог зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, хуульзүйн ухааны доктор Ж.Батзандантай ярилцлаа. 
 
-Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар олон хууль хэлэлцэж байна, хуулийн хэлэлцүүлгүүд аль шатанд явж байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс нэлээд олон хуулийг өргөн барьсан. Энэ хуулиуд эхнээсээ батлагдаад, мөн УИХ-ын холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээд явж байна.
 
Тухайлбал Хуулийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль батлагдсан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиудыг хэлэлцэж байна, түүнчлэн Хуульчийн эрхзүйн байдлын, Цагдаагийн, Прокурорын, Өмгөөллийн, Нотариатын тухай хуулиуд өргөн баригдаад байна.
 
-Өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хууль батлагдлаа, салбарын мэргэжилт¬¬нүүд маш чухал хууль батлагдсан гэж дүгнэж байна. Захиргааны ерөнхий хуулийн ач холбогдлын талаар?
-Захиргааны ерөнхий хуулийн хувьд 2007 оноос хойш яригдаж, олон жил хүлээгдэж байгаад батлагдсан Үндсэн хуулийн дараа орохуйц суурь шинжтэй хууль юм. Ач холбогдлын хувьд хэдхэн үгээр илэрхийлэх арга байхгүй. Зарим нэгээс товч дурдвал Захиргааны бүхий л байгууллагын үйл ажиллагаа нэгдсэн нэг стандарттай болж байна. Ингэснээр захиргааны байгууллага, албан тушаалтны дур зоргоор хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдлыг хуулиар хязгаарлаж өгнө. 
 
Тухайлбал, захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан захиргааны акт гаргахаар бол эхлээд тэр актыг яагаад гаргах болсон шалтгаанаа иргэнд эрхзүйн үүднээс тайлбарлаж ойлгуулж байх ёстой болж байна, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах үндэслэлээ хуулийн дагуу тайлбарлаж, тэр нь хуульд нийцсэн байхыг шаардана гэсэн үг.
 
Товч дүгнэж хэлэхэд Захиргааны ерөнхий хууль нь захиргаа, дарга нарт халтай, иргэдэд ээлтэй хууль. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад хариуцлагатай захиргаа төлөвших үндэс нь бүрдэнэ. 
 
-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ цаг үед эдгээр хуулийн онцлогийн талаар та өөрийн байр сууриа илэрхийлвэл?
-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хууль бол мөн л суурь шинжтэй хуулиуд, нэг батлагдвал багаар бодоход 10 жил тогтвортой үйлчлэнэ. Мөн хүний эрх, эрх чөлөөнд хамгийн их халддаг хууль шүү дээ. Тиймээс маш нухацтай олон талаас ярилцаж, хэлэлцэж, нарийн шүүлтүүрээр оруулж байж батлах ёстой.
 
Дээрх хуулийн төслүүдээс харахад хэлэлцүүлгийн шатанд өөрчлөх, хасах шаардлагатай, зайлшгүй анхаармаар хэд хэдэн зүйл, заалтууд байна. 
 
Тухайлбал, төслийн 2.6 дугаар зүйлээр Гэмт хэргийг ангиллын хувьд хүнд ба ердийн гэмт хэрэг гэж ангилсан байгаа нь хир зохимжтой юм. Ердийн гэмт хэрэг гэдэг нь үйлдэж болох гэмт хэрэг юмуу. Онолын хувьд үйлдсэн гэмт хэрэг, ял хоёр нь тохирсон байхад эрүүгийн эрхзүй болж байна гэж үздэг учир гэмт хэргийг урьдчилан ангилж, энэ нь хүнд гэмт хэрэгтэн, харин энэ нь ердийн байдаг л гэмт хэрэг үйлдсэн ердийн этгээд гэж ялган үзэх нь зарчмын хувьд оновчтой шийдэл биш. Иймд гэмт хэргийг ангилахгүй байх нь зөв гэж үзэж байна.
 
Ялын хувьд хорих ялаас аль болох татгалзаж олон төрлийн хорихоос өөр төрлийн ялыг оруулж ирсэн нь сайшаалтай боловч тухайлбал нийгэмд тустай ажил гэж юуг ойлгох, ямар ажил хийлгэх зэрэг нь тодорхой бус байна. Иймд шүүгч хэнд, ямар ажлыг, ямар цаг хугацаанд хийхийг шууд Шийтгэх тогтоолдоо зааж өгч байхаар хуульд тусгах хэрэгтэй.
 
Жишээ нь: Цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх, мод тарих, өндөр настан асрах, номын санд туслах гэх мэт. Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх цагийг өдөрт найман цагаас дээшгүй байхаар /төсөлд дөрвөн цагаас дээшгүй/ зааж, шүүгч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулж байх өөрөөр хэлбэл оюутан тул өдөрт дөрвөн цаг ажилла гэх мэтээр ялгамжтай авч үзэх нь зүйтэй болов уу.
 
Мөн гэрийн хорионд байлгах ял олон улсын практикт хэрэглэгддэг боловч манай улсын хувьд ялангуяа хөдөө орон нутагт яаж, хэрхэн хэрэглэх, техник, эдийн засгийн үндэслэл, хүн хүч, цаг хугацаа зэрэг зүйлийг хэрхэхийг бодолцон үзэх хэрэгтэй. 
 
-Ерөнхий ангийн хувьд таны хэлж байгаа саналуудыг ойлголоо. Харин тусгай ангийн хувьд ямар санал байна вэ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн хувьд Эрүүгийн хуулийн төслийн 11.6 дугаар зүйлд заасан Туйлширсан хууль бус ажиллагаа явуулах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгт тооцох, эстооцох үйлдлийн тухайд учир дутагдалтай байна. Ийм ямар гэмт хэрэг байна. Туйлширсан, хэт туйлширсан гэж ямар үйлдлийг ойлгох вэ, энэ талаар тодорхойгүй байна.
 
Энэ гэмт хэргийн хүрээнд эрүүгийн хуулийг дур мэдэж ялангуяа төсөөтэй хэрэглэх боломж бүрджээ. Иймд энэ зүйлийг хасах нь зүйтэй. Түүнчлэн, хүнийг гүтгэхийг гэмт хэрэгт тооцохоор оруулж ирсэн байна. Дэлхий нийтийн жишгээс авч үзвэл гүтгэх болон доромжлохын аль аль нь гэмт хэрэгт тооцогдохгүй байх хандлага түгээмэл болжээ.
 
Хэрэв тухайн иргэн гүтгүүлсэн, доромжлуулсан хэмээн үзэж нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл иргэний журмаар шүүхийн хамгаалалт авч байх нь илүү зохимжтой. Ингэснээрээ ялангуяа мэдээлэл олж авах сэтгүүлчийн эрхийг хангахад чухал түлхэц болно.
 
Мөн хуулийн төсөлд Хахууль өгөх гэмт хэргийг оруулсан байна. Хахууль өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөр хээл хахууль, авлигын хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Иймд энэ зүйлийг хасах хэрэгтэй. 
 
-Нэлээд олон зүйл, заалтуудыг эргэн харах, дахин хэлэлцэх шаардлагатай юм байна. Тэгвэл Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулийн хувьд танд ямар санал байна?
-Энэ хуулиуд суурь шинжтэй том хуулиуд гэж дээр хэлсэн. Тийм болохоор яриад байвал маш олон зүйлийг хэлэх шаардлагатай тул чухал гэсэн цөөхөн зүйл хэлье. Хуулийн төсөлд заасан хамтран ажиллах гэрч гэсэн зохицуулалт нь үндсэн гэрчийн /тухайн хэрэгт хамааралгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн / зохицуулалттай зөрчилдөөнтөй бөгөөд яллах тал /мөрдөн байцаагч, прокурор/ уг гэрчийг өөрт хэргийг нотлох байдлаар урвуулан ашиглах гэсэн оролдлоготой байгааг анхаарч үзэх учиртай.
 
Харин хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч буй нөхцөлд тэрхүү гэрчийг Эрүүгийн хуулийн дагуу ялаас чөлөөлөх, ял тохиролцох үндэслэл болгож болох юм. Мөн шүүхээс эрүүгийн гэмт хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд өөрийн санаачилгаар буцаахгүй байх ёстой. Энэ нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх, нэг гэмт хэргийг нэг л удаа хянан шийдвэрлэх зарчмуудыг ноцтой зөрчдөг.
 
Энэ зохицуулалтыг хүчингүй болгосноор, шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөсоролцож, зааж өгөх, яллах тал дүйлчилдэг муу практикийг халах сайн талтай бөгөөд шүүх нэг бол шийтгэх, эсхүл цагаатгах ганц л шийдвэр гаргаж байх боломжтой болж, шүүгч хэрэгт урьдчилсан байдлаар үнэлгээ дүгнэлт өгдөг явдал арилах болно.
 
Түүнчлэн Өмгөөлөгчид цагаатгах буюу ялыг хөнгөрүүлэх нотлох баримт цуглуулах, гэрч өмгөөлөгчөөр хангагдах боломжийг өөрийг нь гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэх байдлаар зөвхөн хязгаарлах бус бүх талаар бүрдүүлэх хэрэгтэй.
 
Бас нэг зайлшгүй анхаарах ёстой зүйл бол гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр нотлон шийдвэрлэгдээгүй байхад хүнийг нийгмээс туслаарлана гэдэг нь зохисгүй зүйл. Үнэхээрийн цагдан хорих зайлшгүй гэж үзвэл түүнийг үндэслэлийг “нотлох баримтыг устгасан, дахин гэмт хэрэг үйлдсэн” гэсэн байдлаар маш нарийн хязгаарлаж, шүүх хуралдаанаар заавал өмгөөлөгч байлцуулан, шийдвэрлэдэг болох шаардлагатай. Гэх мэтээр яриад байвал засч сайжруулах олон зүйл байгаа, энэ саналуудаа ажлын хэсэгт хүргүүлсэн байгаа.
 
-Хуулийн төслийн талаар нэлээд олон саналыг таны зүгээс гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөн өргөн баригдсан. Энэ хуулийн төсөлд та ямар байдлаар хандаж байна вэ? 
-Дээрх хуулийн хувьд захиргааны шүүхийн шийдвэр биелүүлэх тухайд өөрийн бодож явдаг зарчмын саналаа хэлье.  Шүүхийн шийдвэр үндэслэлтэй, заавал биелэгдэх зарчимтай. Тэгвэл Захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлт хангалттгүй байна. Гол шалтгаан нь тогтолцоондоо байна.
 
Учир нь ШШГЕГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, захиргааны шүүхийн шийдвэр нь ихэнхдээ төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад даалгасан шийдвэр байдаг. Ийм болохоор Засгийн газарт, яамдад, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад даалгасан шийдвэр биелэгдэх боломжгүй болдог. 
 
Захиргааны шүүхийн шийдвэр биелдэггүй дараагийн нэг шалтгаан бол хууль бус шийдвэр гаргасан, тэр нь шүүхээр тогтоогдсон албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага сул байдаг. Өнөөдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар захиргааны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл өгөх, захиргааны, эрүүгийн хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад хүсэлт гаргах төдийхнөөр албадлагын ажиллагаа явагдаж байна.
 
Иймд захиргааны шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлдэг болгох тал дээр Захиргааны шүүхийн шийдвэрийг биелэлтийг тогтолцооны хувьд шүүх нь хариуцдаг болох, ингэсэн тохиолдолд шүүх нь захиргааны шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтнуудыг торгох, зарим эрхийг нь хязгаарлах /хилээр зорчих эрх г.м/, баривчлах гэх мэт шийтгэл ногдуулдаг байх боломжтой. Тухайлбал, энэ тогтолцоог ХБНГУ зэрэг улсууд хэрэгжүүлдэг. Ингэснээр захиргааны шүүхийн шийдвэргүй цэтгэл хэдэн хувиар бус бүрэн биелэгддэг болно.
 
Би өөрийн саналуудыг бичгээр тухай бүрт гарган өгсөн байгаа. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд өргөн баригдсан олон хуулиуд яг одоо хэлэлцүүлгийн шатанд байна. Иргэд ч гэсэн энэ ажилд хариуцлагатай хандан, саналаа ажлын хэсэгт уламжлах хэрэгтэй. Иргэдийн санал хуулиудад тусах учиртай. Чуулган, байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурлуудад миний бие өргөн баригдсан хуулийн төслүүдэд Үндсэн хуультай зөрчилдсөн, хүний эрх, эрх чөлөөг дордуулсан ямар нэгэн заалтыг оруулахгүйн төлөө хатуу зогсоно. 
 
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Миний асуугаагүй, таны ярья гэж бодсон зүйл байгаа болов уу?
-Нэг зүйлийг тодотгож хэлэхийг хүсч байна. Хэдийгээр хуулийг УИХ батлан гаргадаг хэдий ч хууль гэдэг бол маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон, судалгаа шинжилгээ шаардсан, олон үе шат дамжсан нарийн чимхлүүр үйл ажиллагаа юм. Мөн энэ ням гарагт Хуульчдын өдөр тохиож байгаа. Иймд хуульчид та бүхэндээ Хуульчдын өдрийн мэндийг хүргэе.
 
Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль эрхзүйн шинэчлэлд хуульчид та бүхэн хувь нэмрээ оруулна гэдэгт бүрэн итгэж байна. 
 
Эх сурвалж: