sonin.mn
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургаа дугаар сарын 26-ныг Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг “Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр зохион байгууллаа.
 
Энэ үеэр иргэд олон нийтэд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, хар тамхитай тэмцэж буй байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан юм. Гаалийн ерөнхий газрын гаалийн зорчигч шуурхай хяналтын газрын албаны улсын байцаагч Б.Сүхбаатар “Хар тамхины хэргийн 60- аас доошгүй хувийг хилийн чанадаас хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон хэргүүд эзэлж байна.
 
Гадаад худалдаа болон хилийн чанадыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдсэн. Манайд хэрэглэгдэж байгаа рентгэн аппарат болон бусад хяналтын тоног төхөөрөмжүүд олон улсын жишигт нийцсэн төхөөрөмжүүд байдаг” гэж тайлбарлалаа.
 
 
Ц.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин