sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар УИХ бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг боловсруулжээ.
 
Уг тогтоолын төсөлд эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж  байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг баримталжээ.
 
Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд “Төрийн өмчит эмнэлэг болон их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэх заалтыг хасах” санал гаргасныг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин танилцуулав.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийг Солонгосын зах зээлд санал болгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Солонгосын тал хямд үнээр авах санал тавих магадлалтай. Тиймээс нэр заасан заалтуудыг өөрчлөх нь зөв” гэсэн санал хэлэв.
 
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, “Энэ заалтын талаар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй. Солонгосын тал энэ компанийн хувьцааны дийлэнхийг буюу 40 хувийг эзэмшдэг. Анх гэрээ байгуулахад энэ компанийн хувьцааг борлуулах бол нөгөө хувьцаа эзэмшигчдээ худалдана гэсэн заалт оруулсан байна” хэмээн танилцуулав.
 
Мөн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, “Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлах бус хөрс арчилга, бордоо зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр уг сан илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ. Хөрөнгийн биржийг ч мөн энэ жишгээр хөгжүүлэх ёстой” гэсэн санал хэлэв.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “Энэхүү төсөлд тусгасан аж ахуйн нэгжүүдийг хувьчилж 170 тэрбум төгрөг олох ёстой. Мөн зарим аж ахуйн нэгжүүдэд өөрчлөн байгуулалт хийж, эдийн засгийн үр ашиг, хүртээмжийг нь дээшлүүлэх юм. Тиймээс энэхүү тогтоолын төслийг яаралтай батлах хэрэгтэй” гэв.
 
Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явууллав.
 
Тухайлбал, Тогтоолын төслөөс ТЭДС, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Хөрөнгийн бирж”-ийн тодорхой хувийг заалтыг хасах заалтыг хасах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Харин Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн биржийг хувьчлах болов.
 
Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг