sonin.mn
МСНЭ-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай, МСНЭ-ийн нарийн бичгийн дарга Ч.Үлэмжхүү нар өнөөдөр  үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн МСНЭ-ийн гишүүдтэй уулзалт хийлээ.
 
Уулзалтын эхэнд МСНЭ-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай  МСНЭ-ийн 2015 онд хийх ажлын талаар тус агентлагийн сэтгүүлчдэд танилцуулав. МСНЭ эхний ажлаа бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчлэх, цаашлаад гадаад харилцаагаа сайжруулах, сэтгүүлчдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулахад анхааран ажиллаж буйгаа тодотголоо.
 
Үүний дараа МОНЦАМЭ агентлагийн МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга Б.Ариунзаяа цаашид олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Тухайлбал,  ирэх есдүгээр сараас эхлэн бусад хэвлэл мэдээллийн байгууллагынхныг уриалан хог цэвэрлэх аян, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулахаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэж буй талаараа хэлэв.
 
Уулзалтын үеэр Үндэсний их баяр наадмын 94 жилийн ойг угтан тус агентлагийн нэр бүхий гишүүдэд МСНЭ-ээс шагнал гардуулав. Тодруулбал, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйд оруулсан хувь нэмрийг үнэлэн хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 26 жил ажилласан МОНЦАМЭ агентлагийн ахлах менежер Б.Төмөрийг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, олон түмний сонирхол татсан ач холбогдол бүхий бүтээл туурвисан тул МСНЭ-ийн тухайн оны хамгийн хурц нийтлэл, нэвтрүүлэгт олгодог “Ган үзэгтэн” шагналаар сэтгүүлч Б. Мөнхтуул Д.Жаргал, Н.Халиун нарыг, Монголын үндэсний сэтгүүлзүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Үндэсний сэтгүүлзүй-100” жилийн ойн медалиар сэтгүүлч Б.Туул, З.Амгалан, С.Дашдулам, Б.Хандмаа, Г.Батцэцэг нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг