sonin.mn
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав.
 
Хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төлөвлөх төслийг дэмжээгүй иргэдтэй үргэлжлүүлэн тохиролцох, төсөлд хамрагдах асуудлаар хэлэлцээр хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч болон төсөлд хамрагдсан иргэн, хуулийн этгээд хийх зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн саналуудыг төсөлд тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулгадаа дурдсан.
 
Эдийн засгийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулан хуулийг баталлаа.
 
Үүний дараа “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин танилцуулсан юм. Гишүүд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, “Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийг хувьчлах асуудлыг нухацтай хэлэлцэж байж шийдэх, ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудлыг эргэн харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
 
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, энэ тогтоолын төсөл бол 170-аад тэрбум төгрөгийг хувьчлалаар олж, тухайн аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгох, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, зах зээл дээр өөрийгөө авч явах чадвартай болгох зорилготой юм хэмээн байр сууриа илэрхийлэхдээ хэлсэн.
 
 
Ингээд санал хураалт явуулахад “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийн дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгөөр хөрөнгийг дахин үнэлж хувьчлах гэсэн хэсгийг хасах санал олонхын дэмжлэг авлаа.
 
Мөн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай байгаа хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хувийг эзэмшүүлэн төрийн эзэмшил 34 хувь байх хэмжээнд хувьчлах гэсэн хэсгийг хасах саналыг гишүүд дэмжсэнгүй. Ингэхдээ ажиллагсдад төрийн эзэмшлийн хувьцаанаас эзэмшүүлэх асуудлыг дахин авч үзэхээр шийдсэн юм.
 
Түүнчлэн “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мэдээлэл харилцааны үндсэн суурь сүлжээний үйлчилгээ эрхлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийг цаашид энэ чиглэлээр нь дагнасан үйлчилгээ эрхлэх зарчмыг хадгалан дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэсэн хэсгийг хасах гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй бол Монголын хөрөнгийн биржийг хувьчлалын жагсаалтаас хасах санал гишүүдийн дэмжлэгийг авлаа. Ийнхүү санал хураалт явуулж дуусан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
 
 
Дараа нь Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх үеэр “гал түймэр унтраах” гэж гал түймрийн үед хүний амь насыг аврах, гал түймрийг унтраахын тулд тодорхой хүн хүч, техник хэрэгслээр тохирсон арга, хэлбэрийг ашиглан гүйцэтгэх үйл ажиллагааг гэж төсөлд нэмэх санал олонхын дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулгадаа дурдсан юм.
 
Энэ саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэн бөгөөд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй найм, найруулгын гурван саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
 
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулав.
 
 
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг нь салбарт баримтлах зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлох бөгөөд хууль, УИХ-ын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны удирдлага болон хэрэгжих юм байна.
 
Монгол Улс 2003 оны байдлаар 25.3 сая.толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтанд орсон, жилд 165 мян.тн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаггүй байсан. Харин 2014 оны түвшинд салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д ХАА-н салбарын ДНБ-ний эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн, хөгжих эхлэл тавигдаж мах, сүүний чиглэлийн 50 орчим мян.толгой үхэртэй болж, жилд 518 мян.т үр тариа, 270 гаруй мян.тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мян.тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болоод байна хэмээн сайд хэлсэн.
 
Гэвч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар нь нэгжийн гарц, боловсруулалтын түвшин доогуур эдийн засгийн үр ашиг багатай, хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалтын түвшин түүхэнд хамгийн өндөр байсан 1980-аад оны байдалтай өнөөгийн байдлыг харьцуулахад бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тоо хэмжээ хэдийгээр нэмэгдсэн ч боловсруулалтын түвшин, бүтээмж бага байгаа аж.
 
Нийт мал сүргийн 60 хувь нь бог мал, 40 хувь нь бод мал, сүрэг дэх хонь ямааны харьцаа 1:1, нядалгааны нас хонь 20-30 сар, үхэр 36-46 сар, сүргийн нядалгаанд хамруулах хувь 20 хувь, бог мал сүргийн 44.2 хувийг, үхэр сүргийн 39 хувийг хээлтэгч мал эзэлж байна. Ган, зудтай жил мал сүргийн 4-33 хувь, төлийн 6-23 хувь мөн хорогддог бол хэвийн жил том малын хорогдол 3-4 хувь, төлийн хорогдол 3-6 хувь байгаа юм байна.
 
Газар тариалангийн салбарын хувьд га-с авах ургац бусад цаг уурын ойролцоо улстай харьцуулахад 1.5-2 дахин бага, нийт тоног төхөөрөмжийн 40 хувь нь 20-иос дээш жилийн насжилттай байна. Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хоцрогдолтой буй аж.
 
Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг олон улсын жишгээр үнэлэхэд хөгжлийн хоёрдугаар үе шатанд байгаа учир дараагийн 10 жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн гуравдугаар үе шатанд гаргах зорилтыг салбарын бодлогод дэвшүүлж байгаа юм байна.
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцуулсан юм. Гишүүд тогтоолын төслийн талаар салбарын сайдаас тодруулж, хариулт авсан юм.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Төмс хүнсний ногоо тариалагчдад урамшуулал олгох асуудал туссан уу, импортоор оруулж ирж буй хүнсний ногооны татварыг нэмбэл ногоочдод дэмжлэг болно хэмээсэн. Сайдын хариулснаар, төмсний хэрэглээг дотооддоо 100 хувь, хүнсний ногооны 50 хувийг мөн дотооддоо хангадаг болсон гээд ногоочдыг агуулах, зоорьтой болгоход анхаарч ажиллаж байгаа хэмээсэн. Тэрбээр, импортын ногооны татварын зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын хувьд дэмжих бодлого барих нь зүйтэйг онцолсон. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшх хуралдаанаар үргэлжлүүлэн хийнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.