sonin.mn
ЯНГОН. /NHK/. Хууль тогтоох байгууллага дахь армийн эрх мэдлийг багасгахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэмжихээс Мьянмарын парламент татгалзлаа.  Тус улсын парламент өчигдөр санал хураалт явуулан уг саналыг дэмжээгүй байна. Парламентын гишүүдийн 66 хувь нь саналыг дэмжсэн бол армийн гишүүд дэмжихээс татгалзжээ.
 
Мьянмарын Үндсэн хуульд заасны дагуу гишүүдийн 75 хувь дэмжсэн тохиолдолд уг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталдаг. Мөн парламентын суудлын 25 хувийг армийнхан авахаас гадна Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтөд хориг тавих эрхийг тэдэнд өгсөн байдаг юм.
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн 70 хувь дэмжсэн тохиолдолд баталж байх санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй байна.
 
Тус улсын одоогийн Үндсэн хуулиар бол сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Чи ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй. Учир нь гадаад нөхөртэй эсвэл гадаадын иргэн болсон хүүхэдтэй хэнийг ч тус улс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг Үндсэн хуулиар хориглодог юм. Мьянмарын бүх нийтийн сонгууль ирэх 11 дүгээр сард болно.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг