sonin.mn
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын санхүүгийн корпорацийн /ОУСК/ дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ж.Цай болон Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын /ОТХОББ/ гүйцэтгэх захирал, хатагтай К.Хонда нартай ажил хэргийн уулзалт хийлээ.
 
Жин-Ён Цай нь 2012 оны 8 сараас Дэлхийн банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, шинээр гарч ирж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжих, хөгжиж буй зах зээл дэх бизнесийн орчин нөхцөлд төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар мэргэшсэн хүн юм.
 
Кейко Хонда нь Дэлхийн банк группийн улс төрийн эрсдэлийн даатгал болон зээл олголтыг өргөжүүлэх асуудал эрхэлсэн Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах агентлагийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал юм. Тэрээр Японы хэд хэдэн Засгийн газрын үед харъяа агентлаг, тэдгээрийн дотор Бодлого зохицуулалтын шинэчлэлийн зөвлөлд ажиллаж байжээ.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд АНУ-ын хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний хувьд улс төр болон бусад салбарын харилцан ойлголцол өндөр түвшинд хүрсэн. АНУ-ын хөрөнгө оруулагчид томоохон төслүүдэд хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийллээ.
 
ОУСК нь 1997 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээж, санхүүгийн салбарыг дэмжих, дэд бүтэц, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх, эдийн засгийн төрөлжилт, жижиг бизнесийг дэмжих, зөвлөгөө өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд манай улсад 470 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
 
ОУСК нь хөгжиж байгаа орнуудын хувийн хэвшлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт хийх, зөвлөх үйлчилгээ болон хөрөнгийн удирдлагын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2030 он гэхэд нэн ядуурлыг халах, хөгжиж байгаа орон бүрийн хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлж, энэ хүрээнд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэнд, боловсролыг сайжруулах, бичил санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах, жижиг бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм.
 
Дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн зах зээлд түлхүү анхаарч, эрсдэлийг удирдах, хөгжиж байгаа орны компаниудыг дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг тус байгууллага 2014 онд 600 гаруй төсөлд 17,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний сацуу хөгжиж байгаа орнуудын хувийн хэвшлийг дэмжих зорилгоор 5 тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ.
 
Харин Монгол Улсын Засгийн газар, ОТХОББ хооронд стандарт хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулсан учир тус байгууллага Монгол Улсад хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтад баталгаа гаргах эрхтэй болсон юм.
 
Уулзалтын үеэр ОТХОББ нь манай улсад үйл ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд “Оюу Толгой” ХХК-д хийх хөрөнгө оруулалтын баталгааг гаргаж байгаагаа дурдлаа. Хөгжиж буй орнуудад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын өртгийг бууруулахад анхааран ажилладаг тус байгууллага цаашид Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Уулзалтад Монголын талаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн дэд сайд С.Пүрэв, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, нийтлэлч Б.Баабар нар оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.