sonin.mn
Манай улс нийт 59 Монгол Улсын баатартай. Тэдний олонхи нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1946-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт баатарлаг гавьяа байгуулсан хүмүүс юм.
 
Иймээс 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг угтан Монгол цэргийн музей болон Монгол Улсын баатруудын үр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоо хамтран Монгол Улсын Баатрууд” буланг шинээр нээлээ.
 
 
Монгол цэргийн музейд залрах энэ үзүүллэг нь Монгол Улсын баатруудын баатарлаг дайчин үйлс, алдар нэрийг мөнхжүүлэх зорилготой. Булангийн нээлтийн арга хэмжээнд БХЯ-ны газрын дарга, хурандаа П.Жаргалан, БХЭШХ-ийн  захирал, хошууч генерал О.Үржин, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр, Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Урлагийн Гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа нарын төлөөлөгчид оролцлоо.      
 
 
“Монгол Улсын Баатрууд” үзүүллэгийн хэсэгт Монгол Улсын баатар цол түүний үүсэл хөгжил, түүхэн уламжлал, өөрчлөлт шинэчлэлт, баатруудын дайчин гавьяаг илтгэн харуулсан гэрэл зураг, баримт материал, эд хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Мөн 1936 болон 1944 оны цэргийн дүрэмт хувцас, БНМАУ-ын баатар Ц.Олзвойн пулемёт, БНМАУ-ын баатар Д.Данзанваанчигийн миномёт зэрэг биет үзмэр, эд өлгийн зүйлийг эндээс сонирхох боломжтой.