sonin.mn
НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр уламжлал болон гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланг Монгол улсад танилцуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Тайлан танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүүхдийн төлөө Лобби бүлгийн ахлагч С.Одонтуяа, ХАХНХ-ийн Дэд сайд Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн сурин төлөөлөгч Роберто Бенес, ХТҮГ-ын дэд дарга Т.Түвшин, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Ньют-Ю Сой, төрийн, төрийн бус байгууллага, ОУБ, иргэдийн төлөөлөл оролцлоо.
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Их хурлын гишүүд хүүхдийн төлөө Лобби бүлэг байгуулж ажилласанаар “Хүүхэд харах хууль”-ийг амжилттай батлуулсаныг мэдэгдээд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд шинэ санаа, инноваци маш чухал гэдгийг цохон тэмдэглэллээ.
 
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес илтгэлдээ “...энэ удаагийн тайлан “Хүүхэд бүрийн төлөөх инноваци” гэсэн сэдвийн дор гарч байгаа нь санаандгүй зүйл биш юм. НҮБ-ын Хүүхдийн сан өөрөө хүүхдийн төлөө шинийг эрэлхийлэгч бас шинээр санаачлагчдыг урамшуулан дэмжигч байгууллага хэдийнээс байж ирсэн билээ.
 
Тиймээс ч өнөөдөр энэ тайлангаар дамжуулан Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчид, хөгжлийн байгууллагууд, иргэний нийгэм болон олон улсын түнш байгууллагуудад хандан бүх хүүхдийн эрхийг хангахын тулд шинэ шийдэл олж, бүтээлч санаа сэдэж, шинэ соргогоор сэтгэж бодохыг уриалж байна.
 
Энэ уриалга мөн бизнес, хувийн хэвшлийнхэн, технологи бүтээгчид болон эрдэмтэн мэргэдэд ч хамаатай юм. Инноваци гэдэг нь зөвхөн цоо шинэ зүйлийг хэлэхгүй. Уламжлалыг эвдэж асуудлыг өөрөөр шийдвэрлэхийг инноваци гэнэ. Инноваци нь заавал технологийн инноваци байх, эсвэл өндөр үнэтэй байх шаардлагагүй. Жижиг гэлтгүй шинэ санаа санаачлагууд ч гэсэн хүүхэд багачуудын амьдралд асар том үр өгөөж өгч байсныг  түүхийн хуудас гэрчилнэ.
 
Тухайлбал, вакцины үнийг буулгах зорилгоор зах зээлийн тогтолцоог өөрчилсөн явдал олон хүүхдийн амь насыг аварч чадсан. Манай улсад төр, хувийн хэвшил, ОУБ амжилттай хамтран ажилласаны үр дүнд Монголын 24 цагийн хүүхдийн тусламжийн утас үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвхөн хүүхдийн төлөө шинэ санаа төрж хэрэгжиж байгаа төдийгүй хүүхдүүд өөрсдөө хамгийн шилдэг шинийг санаачлагч байдаг.
 
Тэд нийгэмд үүсч байгаа асуудал бэрхшээлийн талаар хэнээс ч дутахгүй сайн ойлгодог бөгөөд үүнд үнэн сэтгэлээсээ сэтгэл зовниж явдаг төдийгүй шинийг сэдэж, бүтээж, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирч байна. Олон орны шинийг зохион бүтээгчид, санаачлагчдын тухай энэ жилийн “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланд онцлон оруулсаныг  танилцууллаа.
 
Тус тайлангийн танилцуулгын үеэр МУИС-ын багш, доктор, профессор Ч.Лодойравсал “Хүүхэд бүр шинийг санаачлагч” илтгэлийг тавьж хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх бодлого хэрэгжиж ирсэн байдал, хүүхэд, залуучуудад үзүүлсэн эерэг нөлөөлөл цаашид төрийн бодлогоор дэмжихийн ач холбогдолын талаар саналаа танилцууллаа.
 
Шинийг санаачлагч залуучуудыг төлөөлж Бат-Очир өөрийн хийсэн ухаалаг таягаа танилцууллаа. Хараагүй болон сул хараатай хүмүүс гудамж талбайд явж байхад нь саад тохиолдвол таяганд чичирдэг дохио, ус шалбааг таарвал дуут дохио дуугардагаар хийж хэрэглээнд оруулсан байна.