sonin.mn
“Номтой нөхөрлөе клуб”-ээс өнөөдөр мэдээлэл хийж,  кинотеатруудад гарч байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл, секс, хар тамхи, ёс бус хэллэг гэх мэт хүүхдэд тохиромжгүй, хүүхдэд буруу үлгэр дууриалал, сөрөг нөлөө үзүүлэх агуулгатай кинонуудыг бага насны хүүхдүүдэд үзүүлэхгүй байхыг уриаллаа.
 
Тус клубын үүсгэн байгуулагч тэргүүн Н. Хүлгэн ярихдаа, “Аливаа улс үндэстний үндэс суурь нь хүн, газар хоёр байдаг. Хүн гэдэг бол хүүхэд. Хүүхэд хэзээ ч хүүхдээрээ байдаггүй. Өнгөрсөн 25 жлийн хугацаанд бид хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг устгажээ.
 
Тухайлбал хүүхдийн парк, хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сан зэрэг байгууллага бараг алга болсон, хүүхдүүдэд тоглох тоглоомын талбай бараг үлдээгүй, цэцэрлэгүүд хүрэлцээгүй. Тиймээс бид өнөөдрөөс эхлэн ирээдүй хойч болсон хүүхдүүддээ анхаарал хандуулж, тэднийг хайрлаж, халамжлан, тэдэндээ харамгүй хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон.
 
Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд насанд хүрээгүй хүүхдээ шөнө, оройн цагаар дагуулж гадуур явахгүй байх, хүүхдүүдтэйгээ том хүний кино үзэх биш, хүүхэдтэйгээ хамт ном  уншиж, тэдэндээ цаг гаргаж үлгэр уншиж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн оюун санаа, хүмүүжилд хүчтэй нөлөө үзүүлэх садар самуун, аллага, хүчирхийллийн агуулгатай кино үзэхдээ хүүхдээ дагуулж явахгүй байхыг уриалж байна” гэв.
 
Мөн кинотеатруудад нийгмийн хариуцлага ухамсарлан эцэг эхчүүд үзвэр үйлчилгээ үзэж байх хооронд түр саатуулах тоглоомын төв, уншлагын танхим зэргийг байгуулаач гэсэн хүсэлт хүргүүлж буйгаа хэллээ. Түүнчлэн холбогдох хууль дүрэмд  хяналт тавих шаардлагыг МХЕГ-т хүргүүлээд байгаа аж.
 
Э.Энэрэл
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг