sonin.mn
Конгрессын ардчиллын түншлэлээс УИХ-ын холбогдох албан хаагчдад зориулсан цуврал сургалт энэ сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Энэхүү цуврал сургалтыг АНУ-ын Конгрессын номын сангийн Конгрессийн судалгааны газарт гадаад хэрэг, батлан хамгаалах, худалдаа болон технологийг хариуцсан ахлах судалгааны зөвлөх хатагтай Шэрри Шапиро удирдан явуулсан юм.
 
Энэхүү сургалтад УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүдийн туслахууд, Тамгын газар болон намын бүлгийн ажилтнуудад хамрагдсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, гишүүдийн туслахууд, намын бүлгийн ажилтнууд “Хууль тогтоомжийн судалгаа шинжилгээ”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах”, “Нийтийн сонсгол зохион байгуулах” ,”Төсөвт дүн шинжилгээ хийх, “Төсвийг хяналт тавих хэрэгсэл болгон ашиглах” “,”Гишүүдээ дэмжих нь-Үүрэг болон хариуцлага” сэдвийн хүрээнд номын дуу сонсов.
 
 
Мөн “Парламентын үйл ажиллагааг сурвалжлах, сэтгүүлчдийн чадавхийг дээшлүүлэх нь” сэдвээр парламентын сэтгүүлчдэд сургалт явуулсан юм. Сургалтаар Конгрессын сэтгүүлчид хэрхэн ажилладаг, Конгрессийн гишүүд ямар үед мэдээлэл хийдэг болон нээлттэй сонсголыг хэрхэн зохион байгуулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өлгөө. Конгресст нээлттэй сонсголыг хэд хэдэн чиглэлээр хийдэг байна.
 
Тухайлбал хууль эрх зүй, хяналт, мөрдөн байцаах, албан тушаал бататгах болон ямар нэгэн конвенцид нэгдэн орох үйл явцын үеэр нээлттэй сонсголыг зохион байгуулдаг байна. Хатагтай Шапиро энэ үеэр парламентын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
 
 
 
Шэрри Шапиро Жорж Вашингтоны Их сургууль болон Америкийн Католик их сургуулийн Мэдээллийн ухааны сургуулийг тус тус төгссөн бөгөөд Конгрессийн судалгааны газарт гадаад бодлого, тагнуулын бодлого, үндэсний аюулгүй байдал болон АНУ-ын батлан хамгаалах, худалдаа, олон улсын технологийн асуудлуудыг хариуцсан удирдах мэдээллийн мэргэжилтний албыг хашиж, хууль тогтоох салбарт эдгээр асуудлуудтай холбоотой мэдээллийн хүртээмжийг сайжруулах мэдээллийн санг боловсруулж, туршиж байсан туршлагатай.
 
Хатагтай Шапиро хууль тогтоогчийн үүрэг мэдээллийн хэрэглэгчийн үүднээс ямар байдаг талаар болон АНУ-ын мэдээлэл, гадаад бодлогын асуудлуудаар парламентын ажилтнуудад тогтмол илтгэл тавьж яриа хийдгээс гадна судалгааны ур чадвар, парламентын асуудлаар сургалт явуулдаг юм.
 
 
Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл нь АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын 20 гишүүн бүхий нам бус комисс бөгөөд үр дүнтэй, хараат бус, эргэх холбоо сайтай хууль тогтоох байгууллагуудын хөгжлийг дэмжих үүднээс дэлхийн 16 улс орнуудтай шууд хамтран ажилладаг.
 
Хамтрагч улс орны хууль тогтоох байгууллагуудын техник мэргэшлийг хөгжүүлэх зорилготой ижил түвшний албан хаагчдын хамтын ажиллагаа нь Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн гол ажил болдог байна.
 
Ийм төрлийн хамтын ажиллагаа нь хариуцлага, ил тод байдал, хууль тогтоох байгууллагын хараат бус байдал, мэдээллийн хүртээмж болон төрийн хяналтыг сайжруулдаг сайн талтай ажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.