sonin.mn
Ил тод, нээлттэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ
 
Төрийн байгууллагын ил тод, иргэдэд нээлттэй байх бодлогын хүрээнд Батлан хамгаалах яам 2015 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа тайлагнаж байна.
 
Нэг. Батлан хамгаалах бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд
 
Батлан хамгаалах салбарын бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/, Ерөнхийлөгчийн Тамгын газар   /ЕТГ/, Батлан хамгаалах яам /БХЯ/, Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын албан тушаалтнууд, цэргийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, ЕТГ-т хүргүүлсэн.
 
Энэхүү баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурал /УИХ/-д өргөн мэдүүлж, 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэн дэмжсэн тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.
 
“Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг шинэчлэн батлагдахтай уялдан Монгол Улсын “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай”, “Дайны байдлын тухай”, “Дайчилгааны тухай”, “Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай” хуулиудад оруулах шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтүүдийг төслөөр бэлтгэх ажил явагдаж байна. Түүнээс гадна “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох яамдуудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
 
    Хоёр. Батлан хамгаалах эдийн засгийн чадамжийг  нэмэгдүүлэх талаар
 
 
Монгол Улсын “2015 оны төсвийн тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн багц 202.5 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд улсын төсвийн зарлагын 3.7 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.93 хувийг эзэлж байна.
 
2015 онд Зэвсэгт хүчнээс оролцох энхийг дэмжих ажиллагаа, хамтарсан сургууль, дадлагын зардалд 7,421.9 сая төгрөг, он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдэд 5,055.8 сая төгрөг, 2015 онд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдэд 22,482.9 сая төгрөг, Зэвсэгт хүчний урсгал зардлын санхүүжилтэд 5,039.3 сая төгрөг, нийт 40,000.0 сая төгрөг төлөвлөн ажиллаж байна.
 
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, шилэн дансны тогтолцоог салбарын хэмжээнд нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна.
 
Гурав. Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлээр
 
“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайлан, дүгнэлтийг гаргуулж, улмаар Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байна.
 
Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг зорилт нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх асуудал юм.  Энэ чиглэлд харьцангуй богино хугацаанд мэдэгдэхүйц амжилтанд хүрч өнөөдөр дэлхийн 6 оронд манай 1200-гаад цэрэг дайчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тухайлбал, дэлхийн халуун цэгүүд болох Афганистан, Өмнөд Судан, Судан зэрэг улсуудад манай цэргийн багууд үүрэг гүйцэтгэж байна.
 
2015 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах, олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай асуудлыг Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн болон Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулж, хэрэгжилтийг хангаж байна.
 
Цаашид бид энхийг дэмжих ажиллагаанд оролцох талаар өнөөгийн хүрсэн амжилтыг бэхжүүлж, тооны хойноос хөөцөлдөх биш чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарах бодлого барьж байна.
 
Батлан хамгаалах салбараас Уул уурхайн салбартай хамтран ажиллаж, хууль бус олборлолтод өртсөн ашигт малтмалын зарим орд, илрэлүүдийг хамгаалалтад авах, салбарын нөөц, бололцоог ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газартай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, холбогдох материалуудыг бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.
 
Дөрөв. Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, хүний нөөцийн хөгжлийн талаар
 
Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын нэг чухал хүчин зүйл болох орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
Бид цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгохоор дараах үндсэн чиглэлийг барьж байна.
 
•    Шинээр орон сууц барих;
•    Бэлэн орон сууц авах.
•    Засгийн газрын баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах
 
Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
 
-“Цэргийн алба хаагчийн орон сууцны хуримтлал үүсгэх, зарцуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цэргийн алба хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20-30 хувийг яам хариуцан орон сууцжуулах чиглэлд судалгаа хийж, цэргийн анги, байгууллага ихээр төвлөрсөн байрлалд баригдсан хорооллын орон сууцны барилгын захиалагч талуудтай харилцан тохирч, цэргийн алба хаагчдад үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
-Төрийн орон сууцны корпораци, “ХААН” банк, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь цэргийн алба хаагчийг хямд үнэтэй орон сууцаар хангах, өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилготой. “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцнаас цэргийн алба хаагчдын хэрэгцээнд 200 орчим байр авахаар ярилцаж байна.
 
- Төрийн албаны Зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар цэргийн албыг 25-аас дээш жил хааж цэргийн тэтгэвэр тогтоолгосон алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж, бэлтгэл, чөлөөнд байгаа 14 цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг болгон тус бүр 10 сая төгрөг, 16 ахмад настанд иж бүрэн монгол гэр олгоод байна.
 
2015 оны 5 дугаар сарын байдлаар Батлан хамгаалах салбараас гадаадын 12 улсын цэргийн академи, их дээд сургууль, коллежид нийт 531 цэргийн алба хаагч суралцаж байна.
 
“Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ын шаардлагыг хангуулах ажлын хүрээнд БХЯ, ЗХЖШ, харьяа анги, нэгтгэл, байгууллагуудад сар бүр цэргийн алба хаагчдын өндөр, жингийн харьцааг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
 
Зэвсэгт хүчний офицеруудын түвшин тогтоох үзлэгийг 2015 оны 5 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах ажил эхлээд байна.  Энэхүү үзлэгээр офицеруудын мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмж, мэдлэг, боловсрол, бие бялдарын түвшин, эрүүл мэндийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх юм.
 
Тав. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр
 
Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсыг батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд өөрийн зэвсэгт хүчний нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж, дэмжлэг авахад чиглүүлэн хөгжүүлж ирлээ.
 
2015 он гарснаар Батлан хамгаалах яамны удирдлагууд ОХУ, АНУ, Япон, Польш, Турк зэрэг орнуудад  албан ёсны айлчлал хийж, 2 талын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаад байна.
 
Мөн 1941-1945 оны Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд хийсэн баярын хүндэтгэлийн жагсаалд Монголын цэргийн салбар оролцсон.
 
Оросын Холбооны Улсын талд хүсэлт тавьж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 348 ахмад дайчныг “Ялалтын 70 жилийн ойн медаль”-аар шагнуулсан. Мөн Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг БНХАУ-д тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ үеэр зохион байгуулагдах Цэргийн ёслолын жагсаалд Монголын цэргийн алба хаагчид оролцоно.
 
Зургаа. Иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл, сонирхол, эрмэлзлэлийг нэмэгдүүлэх талаар
 
Зэвсэгт хүчний шинэчлэлийн мөн чанар нь бүх нийтээр цэргийн алба хаах иргэний журамт үүргийг хэлбэрэлтгүй сахиулахад оршиж байна. Бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлж, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжих ёстой.
 
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан оюутан, залуучуудыг суралцах хугацаандаа эрчимжсэн сургалтаар цэргийн алба хаах нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Оюутан цэрэг” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил оюутан цэргийн тоогоо нэмэгдүүлж 1000-д хүргэсэн бөгөөд сургалтын үр дүнгээр дараа жилүүдэд орон нутаг дахь их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутан залуусыг хамруулах төлөвлөгөөтэй байна.
 
“2015 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэний тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “2015 онд хугацаат цэргийн албанд татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацаа тогтоох тухай” асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталгаажуулсан.
 
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулан мөрдөж байна.
 
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтуудыг Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Орхон, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулсан.
 
Долоо. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар
 
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дотоодын үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг нэгдүгээр сард байгуулсан билээ. Үүний гол зорилго нь батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодоос хангахад оршиж байгаа юм.
 
Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын хэрэгцээт импортын бараа, бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд туслах үүднээс батлан хамгаалах салбарын хэрэгцээт барааны үзэсгэлэнг хоёр  яамнаас   хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэнд 60 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулав. Цаашдаа худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах бодлого баримтлан ажиллана.
 
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ