sonin.mn
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонсов.
 
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж, орон сууц барих ажлын явц байдлын талаар Ерөнхий сайдад хандаж асуулга хүргүүлээд байсан юм.
 
Гишүүдийн асуулгад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хариулт өглөө.
 
Тухайлахад, 2012 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээгээр хийгдэх 17 авто зам, барилга байгууламжууд тусгагдсанаас 9 нь бүрэн биелэгдэж, 5 нь хагас биелэлттэй, 3 нь биелэгдээгүй, төлөвлөгөөний гүйцэтгэл 72.9 хувийн биелэлттэй гарсан. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 2012 оны байдлаар 241.73 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээс 159.66 га газрыг өмчлүүлсэн.
 
Нийт 211 байршил бүхий газарт газар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгаснаас 115 байршилд бүрэн хэрэгжиж, 64 байршилд хагас, 32 байршилд хэрэгжээгүйгээс төлөвлөгөөний гүйцэтгэл 73.5 хувьтай гарсан байна. 2013 онд газрын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 41 ажлаас 81-100 хувийн гүйцэтгэлтэй 22, 31-80 хувийн гүйцэтгэлтэй 18 ажил, үйлчилгээ байна.
 
Мөн иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээний хувьд төлөвлөгөөнд тусгагдсанаар 2013 онд Багахангай, Баянзүрх, Хан-Уул, Багануур, Чингэлтэй, Налайх дүүргийн эзэмшлийн 68.75 га газрыг 1,021 иргэнд өмчлүүлэхээр тусгаснаас 26.11 га газрыг 400 иргэнд өмчлүүлж газар өмчлөлийн ажил 72.7 хувьтай явагдсан байна.
 
Харин дахин төлөвлөлт хийсний дараа Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргийн нийт 34.2 га газрыг 512 иргэнд өмчлүүлэхээр төлөвлөснөөс 2013 оны байдлаар 29.3 га газрыг 425 иргэнд өмчлүүлж газар өмчлөл 54.2 хувьтай, дээрх 2 чиглэлийн ажлын хүрээнд өмчлүүлэх ажлын гүйцэтгэл нэгдсэн дүнгээр 63.4 хувьтай байсан.
 
Газар өмчлөлийн ажлын хувь бага байгаагийн шалтгаан нь шинээр олгосон газарт иргэд суурьшаагүйтэй тухайлбал, Сүхбаатар дүүрэгт шинээр газар өмчлүүлэх ажил хийгдээгүй холбоотой байна.
 
2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлөлийн хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 100, 101, 180, 181 дүгээр тогтоолоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх болон зуслангийн бүсийн нийт 76 байршилд хаягийн зургийг баталж, шинээр газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг хэрэгжүүлсэн.
 
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон газраас илүү талбай ашигласан, инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүсэд хууль зөрчиж газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган зөрчлийг арилгах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нийт 295 газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг нийслэлийн Засаг даргын 82 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.
 
Монгол Улсын газрын нэгдмэл санд 2014 оны жилийн эцсийн байдлаар хөдөө аж ахуйн газар 115,008.6 мянган га буюу 73.53 хувь, хот, тосгон бусад суурин газар 712.1 мянган га буюу 0.46 хувь, зам, шугам сүлжээний газар 454.8 мянган га буюу 0.29 хувь, ойн сан бүхий газар 14.320.5 мянган га буюу 9.16 хувь, усны сан бүхий газар 686.7 мянган га буюу 0.44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 25.228.9 мянган га буюу 16.13 хувийг тус тус эзэлж байна.
 
Нийслэлийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар 200,161 газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөгч иргэн 102,800, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшигч 87,789, газар эзэмшигч аж ахуйн нэгж 6,197, төрийн байгууллага 3,119, бусдын эзэмшиж буй газрыг ашиглагч Монгол Улсын аж ахуйн нэгж 41, газар ашиглагч гадаадын иргэн 14, газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд 201 тус тус бүртгэлтэй байна.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд 168 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчимд 288 йлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулсан орон сууцны 1мкв-ыг дунджаар 1.677.500 төгрөгөөр борлуулсан.
 
2015 онд 27,435 айлын орон сууц зэх зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2014 онд ашиглалтад орсон 24,744 айлын орон сууцны 7,000 айлын орон сууц борлуулагдаагүй байгаагаас орон нутгийн хэмжээнд нийт 844 байна.”
 
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Л.Болд, Ц.Дашдорж, А.Бакей, Д.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл, Д.Хаянхярваа, Г.Уянга, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ нар  асуулт асууж тодруулав.
 
 
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Монгол Улсын иргэд газар эзэмших эрхтэй. Ялангуяа хот хоорондын зам, аймгуудыг холбосон замын дагуу худалдаа, үйлчилгээний цогцолбор барих боломжийг тухайн зам дайран өнгөрч байгаа нутгийн иргэдэд түлхүү олгох хэрэгтэй гэж үздэг. Ингэхдээ стандартын дагуу барих, замаасаа орж гарах гарц, ялангуяа хурдны замыг барихад тооцоо судалгаатай барих хэрэгтэй.
 
Мөн аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед замын дагуух “00”-ын асуудал огт шийдэгдээгүй. Өмнө нь зам дагуух шатахуун түгээх газар байгуулахад түүнийг түшиглэн “00”, үйлчилгээний газруудыг цогцоор нь шийдэх эхний оролдлогуудыг хийж байсан. Энэ чиглэлээр төлөвлөж байгаа зүйл бий юу.
 
Түүнчлэн Монгол Улсын иргэдэд 0,05-0,07 га газар өмчлүүлж байгаа. Одоо газар олголтын байдлыг харахад цөөхөн хувьтай байгаа. Газар олголтын хуулийн хугацааг хоёр ч удаа сунгасан. Газар олголтыг цааш нь нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгааг тодруулав.
 
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өгсөн тайлбартаа, хот хоорондын замын стандартын асуудал чухал байгаа. Үүнтэй санал нэг байна. Замын дагуу байрлах шатахуун түгээх газрын стандарт, түүний дотор заавал “00”-той байх, эсвэл замын дагуу жолооч нар амрах цэгтэй байх асуудлууд зураг төсөлд тусаад явж байгаа юм билээ.
 
Энэ асуудлыг цаашид илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллая. Иргэдэд 0,07 га газрыг өмчлүүлж байгаа. Хугацааг нь 2018 он хүртэл сунгасан. Газар олголтыг цаашид нэмэгдүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ хот төлөвлөлтийнхөө ажлыг онцгой анхаарахгүй бол боловсронгуй бус төлөвлөгөөтэй байгаа газруудыг хувьчилсан тохиолдолд дараагийн хотыг дахин төлөвлөхөд хүндрэлтэй асуудлууд гарна.
 
Иймд хот төлөвлөлтийн асуудлыг анхаарч, газар төлөвлөлтөө зөв явуулж байгаа шинэ дагуул хотууд руу хүмүүсийг байршуулж газар ололтыг хийх нь оновчтой болно гэж үзэж байна гэлээ.
 
 
Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, аймгуудын хэмжээнд газар өмчлөлийн асуудал ямар байгаа болон гадаадын иргэдэд газраа худалдсан, урт хугацаагаар гэрээлэх, эзэмшүүлэх зөрчил хэр байдаг болон энэ асуудал аль дүүрэгт илүү байдаг талаар асуусан юм.
 
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймгийн хэмжээнд 19 хувь , нийслэлийн хэмжээнд хүн амын 8 хувь нь газраа өмчилж авсан. Энэ нь нийт хүн амын 13 хувь нь газраа өмчилж авсан үзүүлэлт юм. Аймгуудын хувьд авч үзвэл, жишээ нь Дархан-Уул аймагт 2013 онд нийт хүн амын 11 хувь нь газар өмчилсөн байна. 2014 онд энэ үзүүлэлт 11.59 хувь болсон байна.
 
Гадаадын иргэд хуулиараа газар өмчлөх эрхгүй. Гадаадын иргэд зөвхөн газар ашиглаж байгаа. Ингэхдээ газар эзэмшигчтэй газар ашиглалтын гэрээ хийх зохицуулалтаар явж байгаа гэсэн тайлбар өглөө.
 
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хэлэхдээ, 2008-2012 он, 2012-2015, 2004-2008 оныг харьцуулсан байдлаар газар хувьчлал, дэд бүтэц, орон сууцжуулалтын санхүүжилтийн талаар хариулт авахыг хүсэлт гаргасан ч эдгээр асуултад сайн хариулт өгч чадсангүй. Мэдээлэл байхгүй, мэдээллээ боловсруулж чадахгүй байгаадаа анхаарах хэрэгтэй.
 
Одоо дарга гэхээр л сайн шийдвэр гаргадаг гэж ойлгож болохгүй. Хот төлөвлөлтийн асуудал том салбар, том шинжлэх ухаан болсон. Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар, хот мэдээллээ нэгтгэж ажиллахыг хүсмээр байна. Нэгдсэн мэдээлэлтэй байх юм бол маш ухаалаг шийдвэр гаргаж чадна.
 
Дэд бүтэцтэй болсноор иргэдийн худалдаж авсан газар үнэ цэнэтэй болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрөнгө хуримтлалын хэмжээ нэмэгдэж байна гэж ойлгож болно. Иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, орон сууцтай болгох, дэд бүтцийг нь төрөөс шийдэх асуудал төрийн анхааралд байх ёстой гэв.
 
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонссоны дараа чуулганы хуралдаан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.