sonin.mn
МАХН-ын бага хурлын гишүүд Бага чуулганыг яаралтай хуралдуулах талаар шаардлагыг ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нарт хүргүүлсэн талаар мэдээлэл цахим ертөнцөд тархаж буй.Энэ асуудалд нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын хорооны дарга нар мэдээлэл хийлээ.
 
Хурлын эхэнд "МАХН-ыг Монголын ард түмэн дэмжиж байгаа өнөөгийн үнэлэмжийг бууруулах зорилгоор улс төр, хөрөнгө мөнгөний ашиг хонжоо хайгчид намын бага хурлын гишүүдийн нэрийг барьж шаардлага өгсөн байна. Үүнийг МАХН-ын гишүүд бид МАНАН-гийн олигархиудын өдөөн хатгалгад өртөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.
 
Хороодын дарга нарын ярьж буйгаар "Дээрх мэдээлэл нь намын гишүүдийг дотор нь хагалган бутаргах гэсэн МАНАН-ийн явцуу үйл ажиллагаа.  МАНАН-гийн олигархиудын захиалгаар бага чуулганы нэрийг барьсан хэсэг хүмүүс намын дарга, гүйцэтгэх товчоонд хаяглан шаардлага ирүүлсэнд туйлын ихээр харамсч байна"  хэмээн мэдэгдлээ.
 
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, “Намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх асуудал Оюутолгой, Тавантолгойг хувааж авах хуйвалдааныг хийж дуусах хүртэл үргэлжилж байгааг ард түмэн мэдэж байгаа. Манай намын бага хурлын гишүүд намын бага чуулганыг тулган хуралдуулах санал гаргажээ. Бид нам дотроо ярилцан энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болно. Гэвч дотоод асуудлыг МАНАН-гийн олигархиуд намыг дотооддоо хагаралтай байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах гэж баримт нотолгоогүй мэдээлэл цацаж төөрөгдүүлж байна” гэлээ.