sonin.mn
Ирэх 7, 8 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэл өгчээ. Энэ хүрээнд баяр амралтын үеэр гол, нуур, цөөрөм, эрсдэл ихтэй газруудад нэмэгдэл хүн, хүч техник хэрэгсэлтэй эргүүлийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэх, усны осол их гардаг газруудад сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах ажлыг эрчимжүүлэх, амралт, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж бэлтгэн тараах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, баталгаатай автозам, гүүр, гарамыг сонгох, их халалтын улмаас хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрсэн тул шаардлагатай газруудад аялал зугаалгыг тодорхой хугацаагаар хязгаарлах, морин эргүүл, хяналтын цэг, гэрээт харуулыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, түймэр гарсан даруйд унтраах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Цаашид болзошгүй үер, гал түймэр, түр зуурын хүчтэй салхи шуурга, аянга цахилгааны аюулын улмаас автозам, гүүр эвдрэх,цахилгаан эрчим хүч доголдох, хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал буюу автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоог хангаж хамтран ажиллахыг үүрэг болгожээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг