sonin.mn
Монгол Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлээд хэдхэн сар болж буй ч маш богинохон хугацаанд олон нийтийн итгэлийг олж аваад байгаа Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилтой уулзаж ярилцлаа.
 
-С.Боргил гэж улс төрд “цоо шинэ” хүн Хөдөлмөрийн үндэсний нам гэж цоо шинэ намыг байгуулчихлаа. Өнгөнөөс өөр ялгаралгүй болчихоод байгаа Монголын улс төрийн намуудаас танай нам өөр байж чадах уу?
 
-Хөдөлмөрийн үндэсний нам албан ёсоор бүртгүүлсэн нь өнгөрсөн хавар. Үүнээс өмнө клубын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Ер нь Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулах болсон бэ гэвэл Монголын улс төрд цоо шинэ соёл, хандлагыг бий болгохыг хүссэн юм. Магадгүй манай намынхан улс төрд “цоо шинэ” хүмүүс байж болох юм.
 
Харин салбартаа танигдсан, олонд танигдсан хүмүүс цөөнгүй байгаа. Улс төрд “цоо шинэ” хүн байх тийм ч муу биш. Саарал ордонд олон жил “амьдарсан”, улс төрд улиг болтлоо суусан хүмүүсийн дэргэд ядаж үзэл бодол, итгэл үнэмшил маань эрүүл. Монголын улс төр өнөөдөр ямар аймаар бохир болсныг хүн болгон шүүмжилж байна.
 
Улс төрийн намууд, улстөрчдийн тэмцэл сүүлдээ төрд итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх болсон шүү дээ. Төрд итгэх итгэл гэдэг маань үнэндээ бол улс төрийн намуудад итгэх итгэл гэсэн үг. Харамсалтай нь, монголчууд төрдөө итгэж чадахаа больж.
 
Энэ бол Монголын төрийг засаглаж яваа намуудын буруу. Нөгөө талаасаа, нийгэм өөрөө цоо шинэ хүчнийг захиалж байна. Цоо шинэ хүмүүсийг хүлээж авахыг хүсч байна. Судалгаанаас харахад нөгөө л хэдэн, нэр, нүүр нь шавартай хутгалдсан хүмүүсээ хараад яваад байхыг хүсэхээ больсон байна.
 
Тиймээс бид нийгмээ өөрчилье, улс орноо хөгжүүлье, толгой тойроод хэрэлдэх бус толгойгоо хөгжүүлье гэсэн үүднээс хүн төвтэй хөтөлбөр гаргахаар төлөвлөж байгаа. Улс орны хамгийн чухал үндэс нь хүн.
 
Хүнээ мартчихаад хөгжлийн тухай ярих нь өөрөө утгагүй хэрэг. Тиймээс бодлогоороо, үзэл бодлоороо, гаргаж тавих хөтөлбөрөөрөө олон жил төр барьсан, улаан, цэнхэр өнгөнөөс өөр ялгаагүй болчихсон, өвөр түрийдээ орж өчнөөн жил явчихсан намуудаас ХҮН ямар ч байсан өөр байж чадна.
 
-Танайх аль чигтэй нам юм бэ?
 
-Зүүний чигтэй нам.
 
-Та улс төрд хэзээнээс орох болов. Наадмын битүү морь гэдэг шиг таныг улс төрд бол “битүү хүн” гэж хэлэх байх л даа?
 
-Би олны танил хүн биш л дээ. Бусад намын дарга нар шиг олон жил улс төрөөр амьсгалсан, олон жил төр засгийн хамаг том албан тушаалыг хамж түүгээгүй. Түүгээрээ битүү морьтой адилхан байж болох юм. Улс төрд шинэ хүн байх нь харин ч давуу тал гэж боддог. Улс төрд олон жил яваад ирсэн хүмүүсийн хувьд танилын хүрээ өргөн, тэр хэрээрээ хэн нэгний ачийг хариулах шаардлага гардаг байх.
 
Надад бол тийм шаардлага байхгүй. Өмнө нь төрд ажиллаж байгаад АНУ-д мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр явсан. Тэндээ хэдэн жил ажилласан. Гадаадад сурч, мэдсэнээ эх орондоо зарцуулъя гэсэн зорилготойгоор Монголдоо ирсэн. Монголдоо ирээд гутарсан. Хэдхэн улстөрч өөрсдөдөө зориулсан хууль батлаад, өөрсдөө баяжаад тэнгэрээс тасарчихсан.
 
Хүмүүс нь ажилгүй, ядуу, боловсролгүй. Ажил төрөл хөөцөлдөөд явахаар танил тал харсан, мөнгө нэхсэн хүмүүс. Эхэндээ бухимддаг байлаа. Харин сүүлдээ энэ бүхнийг бид өөрсдөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.
 
Аль нэг даргын үүд сахиад, цүнхийг нь барьж гүйгээд дарга болж байгаа хүүхдүүдийн дэргэд бол юм үзэж нүд тайллаа. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэдэг. Миний хувьд нас 40 хүрч байна. Улс орноо засахад гар бие оролцох цаг болжээ гэж бодсон юм.
 
-Инженер, эдийн засагч, эмч багш гээд мэргэжлийн төрийн бус байгууллагынхантай танай нам санамж бичиг байгууллаа гэх юм. Улс төрийн намууд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж урьд нь сонсч байгаагүй юм шиг?
 
-Улс орны хөгжилд мэргэжлийн хүмүүсийн, мэргэжилтнүүдийн үзэл санаа, мэдлэг боловсрол чухал. Аль ч улс орны хөгжлийг инженерүүд авч явдаг гэсэн үг байдаг. Манай намтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж байгаа мэргэжлийн холбоод олон байгаа. Хамтарч ажиллая гэсэн санал ч бас цөөнгүй ирж байна.
 
Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй байгаа олон намаас манай намыг сонгож байгаа нь Хөдөлмөрийн үндэсний намын нэг үнэлгээ болов уу. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй, тэдний боловсрол мэдлэгийг ашиглахгүйгээр улс орон хөгжинө гэж байдаггүй. Улс орныг улстөрчид хөгжүүлдэггүй юм. Тиймээс манай нам мэргэжлийн хүмүүсийн, мэргэжлийн холбоодыг үгийг сонсох хэрэгтэй, тэдний үгийг намын бодлого, хөтөлбөртөө тусгах хэрэгтэй гэж үзсэн.
 
-Ардын нам болон Ардчилсан намын жирийн гишүүдээс танай намд “урвах” хүн цөөнгүй байгаа гэсэн. Хараад байх нь залуучууд голдуу танай намд элсч байна?
 
-Хөдөлмөрийн үндэсний нам нийгмээ, эдийн засгаа, улс орноо өөрчлөе, хөгжүүлье гэсэн хүн болгонд нээлттэй. Нам бол үзэл бодлын нэгдэл. Бид нартай санаа бодол нэг улс төрийн хүчин, улстөрчид, хувь хүмүүстэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн. Улс төрд удсан, авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй харин бид хамтарч ажиллахгүй.
 
Манай намын нэг үзэл бол Монголын улс төрд цоо шинэ хандлагыг бий болгохыг зорьж байгаа. Хэрэв ямар нэгэн асуудалд орооцолдвол ядаж л ард түмнээсээ уучлалт гуйдаг, албан тушаалаа өгч чаддаг тийм улс төрийн соёлыг тогтоохыг хүсч байна. Түүнээс муу, муухай бүхэнд холбогдсон хэрнээ тушаал дэвшээд, дээшээ яваад, сандал суудалтайгаа зууралдаад байдаг улстөрчидтэй бид хамтарч ажиллахгүй.
 
Энэ бол манай намын нэг онцлог. Нэг үеэ бодвол хүмүүс улс төрийн мэдлэг, мэдээлэлтэй болсон. Аль нам ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг хардаг, сонсдог болж. Тийм учраас нийгэм шинэ хүчнийг захиалж байна. Залуус ч шинэ хүчнийг сонгохыг илүүд үздэг болж.
 
-Сонгууль болгоны өмнө жижиг намууд борооны дараах мөөг шиг олширдог. Сонгууль дууссаны дараа хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог шүү дээ?
 
-Манай намыг сонгууль дуусаад алга болчихно гэж санаа зоволтгүй. Бид нэг удаагийн сонгуулийн төлөө нэгдээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Арван зургаан оны сонгууль манай намын зорилго биш ээ. Том мөрөөдлөө биелүүлье гэвэл жижиг зүйлд хөлсөө урсгах хэрэггүй гэсэн үг бий.
 
-Танай намд асар том зорилго байгаа бололтой?
 
-Улс төрийн намуудын зорилго бол эрх мэдлийг авах. Эрх мэдэлгүйгээр улс төрийн намууд хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй. Хөдөлмөрийн үндэсний намын зорилго бол хүн төвтэй Монгол Улсыг хөгжүүлэх. Газрын доор асар их баялагтай хэрнээ саарал ордонд суугаа цөөн хэдэн хүн хамаатан садантайгаа баяжаад ихэнх нь ядуу, тарчиг амьдарч байна.
 
Одоохондоо монголчууд хоосон хонохгүй, хоёр идэхгүй сайхан амьдарч байна. Гэхдээ бид хөгжих ёстой шүү дээ. Болж байна гээд өнөөдрийнхөө амьдралд цадах хэрэггүй л дээ. Харамсалтай нь, сонгуулийн өмнө Ардын нам, Ардчилсан нам хоёулаа монгол хүн ажилтай, орлогтой болох ёстой гэж амалдаг. Сонгууль дуусангуут, ажил, орлогыг нь булаагаад авчихдаг.
 
Цалин нь бага, гэтэл юмны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Монголд ирж ажиллаж байгаа гадаадын хүн өндөр цалин авдаг. Эх орондоо ажиллаж байгаа монгол хүн бага цалинтай байж болохгүй шүү дээ. Өмнөд Солонгос, АНУ, Японд өөрсдийнхөө иргэдэд өндөр цалин өгдөг. Ийм учраас хөдөлмөрийг шударгаар үнэлье, монгол хүнийг халамжаар биш хөдөлмөрөөр тэтгэе гэсэн зорилго тавьсан.
 
Боолын хөдөлмөрийн цалингаас дор хөдөлмөрөө үнэлүүлэх нь монголчуудын хүсч байгаа зүйл биш болов уу? Манай нам бол хүн дээд үзэлтэй нам. Магадгүй хүн дээд үзэл гэхээр зарим хүмүүст тунхаглалын шинжтэй сонсогдох байх. Гэхдээ улс орны хөгжлийн үндэс нь хүн. Та, бид өөрсдөө шүү дээ.
 
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүн танай намтай ямар холбоотой байна. Хөдөлмөрийн үндэсний нам гэхээр зарим хүмүүс С.Ганбаатарынх уу гэх юм?
 
-Хөдөлмөрийн үндэсний нам бол УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ямар ч холбоогүй. Түрүүнд хэлсэн, гадаад, дотоодод сурсан, түүнийгээ улс орондоо хэрэгжүүлье, бид ядуу байж болохгүй юм байна. Бусдыг хараад суух биш өөрсдөө гар бие оролцоод нийгмээ хөгжүүлье гэсэн зорилгоор клуб байгуулаад дараа нь нам болгож бүртгүүлсэн. Манай намын гол үзэл ерөөсөө хүн. Үүнийг маань зарим улстөрч дотроо дэмжиж явааг үгүйсгэхгүй.
 
-Танай намаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт тайван цуглаан зохион байгуулсан. Хөдөлмөрийн үндэсний намын хувьд анхны улс төрийн арга хэмжээ болсон. Яагаад Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцээд байгаа юм бэ?
 
-Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцээгүй. Үндсэн хуулийг өөрчлөх аргыг нь эсэргүүцэж байгаа юм. Үндсэн хууль өөрөө үндэсний зөвшилцөл. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийг батлахад 500 гаруй хүн оролцож байсан. Гэтэл өнөөдөр 76 хүний үзэмжээр өөрчлөгдөхөөр болж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа юм. Үндсэн хуулиа өөрчилж болно.
 
Гэхдээ үндэсний зөвшилцлөөр шийдэх хэрэгтэй. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулах ёстой, ард түмнээс санал авах шаардлагатай. Түүнээс АН,МАН хоёр засагт хамтраад өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодолд нийцүүлсэн Үндсэн хууль баталж болохгүй.
 
Нийтийн зөвшилцлийн үндсэн дээр өөрчлөх ёстой л доо. Иргэдээсээ асуух хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв үү, үгүй юу гээд асуучих хэрэгтэй шүү дээ. Бидний хувьд Үндсэн хуулийн чадамж дуусаагүй. Үндсэн хуулийг ашиглах нөөц бий гэж харж байгаа.
 
-Үндсэн хуулийг нөөц нь дууссан гэж шүүмжлээд байгаа хүмүүс бол улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө шүү дээ?
 
-Яг үнэн. Үндсэн хуулийг хамгийн их зөрчдөг хүмүүс хэн гээч, улстөрчид өөрсдөө. Өөрсдөд нь, эрх ашигт нь зохицож, нийцэхээ болингуут л өөрчлөх гээд байгаа юм. Үндсэн хуульд өөрсдөө зохицож амьдрахаасаа илүү өөрсдөдөө зохицуулж Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн чинь юу гэсэн үг вэ, тийм биз дээ.
 
-Танай намыг улстөрийн туршлагагүй залуусаар дүүрсэн гэх шүүмжлэл гарах болж?
 
-Улс төрийн туршлага гэж юуг хэлдэг юм бэ. Албан тушаалаа ашиглаад ууж идэхийг хэлдэг юм уу. Аль эсвэл хуйвалдаж, хулгайлахыг хэлдэг үү. Улс төрийн туршлагагүй байх нь харин ч сайн зүйл. Ажлын туршлага бол өөр. Харин улс төрд туршлага хэрэггүй. Ах нь дүүдээ ууж идэхийг зааж өгөхийг туршлага гэхгүй юм бол улс төрд ямар ч туршлага хэрэггүй. Харин сайн хөтөлбөр, сайн засаглал хэрэгтэй.
 
-Монголын төрд аль нэг намыг дагахгүй бол ажиллаж чадахгүй болсон. Нөгөө талдаа зарим намууд бараг "өв залгамжлагчдын нам" болох нь.  Улс төрд "хунтайж" нар, өв залгамжлагчид багагүй орж ирж байна. Та түүнийг юу гэж хардаг вэ?
 
-Монголын улс төрд илэрч байгаа нэг сөрөг үзэгдэл юм даа. Аав нь гишүүн байсан бол хүү нь гишүүн болох, аав нь сайд байсан бол хүүгээ сайд болгох хандлага Монголын улстөрд тогтох шинжтэй.  Хэн чадвартай нь дарга болдог, сайд болох ёстойгоос сайдын хүү сайд болно гэсэн хууль байхгүй. Гэвч, харамсалтай нь, ийм бичигдээгүй хууль Монголд үйлчилж байна.
 
Ерөөсөө улс төрд орж байж бизнесээ өргөжүүлэх, эрх мэдэл хүрч байж хөрөнгө арвижуулна гэсэн ойлголт Монголын залуусын тархинд сууж. Ялангуяа зарим намын залуу гишүүд эцгийнхээ заасан замаар алхаж байгааг харахад харамсалтай. Нэг удаа гэр хороололд хонож үзээгүй, борог амьдрал мэдэхгүй улстөрчид монгол хүнийг ойлгох уу.
 
 Улаанбаатарын нийт хүн амын тэн хагасаас  илүү нь өнөөдөр гэр хороололд амьдарч байна. Гэтэл хэдэн үеэрээ тансаг хаусанд амьдарсан нөхдүүд яаж хүн төвтэй бодлого хэрэгжүүлж чадах вэ. Манай намд том сайд дарга нарын хүүхдүүд байхгүй. Бүгд энгийн сэхээтэн, энгийн иргэдийн хүүхдүүд. Бүгдээрээ  хар, бор амьдралыг сайн мэднэ. Магадгүй өв залгамжлагч, хун тайж нараар дүүрсэн намуудаас ялгарах манай намын бас нэг онцлог энэ байх.
 
-Улс төрд улиг болтлоо удсан хүмүүстэй бид хамтарч ажиллахгүй гэж та хэлсэн. Энэ хүмүүс залуустааа орон зайгаа тавьж өгөх дургүй байгаа шүү дээ?
 
-Улс төрийг өөрчилье, нам өөр ч түрийвч нэгтэй улстөрчдөөс Монголын улс төрийг аваръя гэвэл намынхаа салхивчийг нээх хэрэгтэй. Улс төрөө улстөрчдөөс авармаар байгаа бол монголчууд цоо шинэ хүчнийг, цоо шинэ залуусыг гаргаж ирэх цаг болсон.
 
Ж.ЭРХЭС
Эх сурвалж: "News.mn"